УИХ-ын 2013 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн Нэгдсэн чуулганаар Монгол Улсын 2014 оны Төсвийн тухай хуулийг баталсан билээ. Эл хуулийн дагуу улсын хэмжээнд ирэх жил нийт 818төсөл, аргахэмжээ хэрэгжүүлэхээр тусгагдсанаас нийт хөрөнгө оруулалтын 36.9 хувийг дэд бүтэц, 27.4 хувийг боловсрол, соёл, эрүүл мэнд, хүний хөгжлийн чиглэлээр, 6.7 хувийг хөдөлмөр эрхлэлт, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, 29.3 хувийг бусад салбарт зарцуулахаар төлөвлөсөн.
Улмаар төсөл, арга хэмжээний бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд Эдийн Засгийн Хөгжлийн яамнаас санаачлан 2013 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр бүх яам, агентлагийн санхүү, хөрөнгө оруулалт хариуцсан албан хаагчдын дунд уулзалт, семинар зохион байгуулсан юм. Семинариас гарсан санал, зөвлөмжийг үндэслэн Эдийн засгийн хөгжлийн яамнаас Хөрөнгө оруулалтын тогтоолын төслийг боловсруулан өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, батлууллаа.
Дээрх ажлын бэлтгэлийг шинэ оны эхний хоёр сард багтаан хангахыг Засгийн газрын хуралдаанаас яам, агентлагуудад үүрэг болголоо.Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг 2014 оны 2 дугаар сарын 1-ний дотор эцэслэж бэлэн болгоно. Үүний тулд төлөвлөгөөнд багц дүнгээр туссан ажил тус бүрийг байршил, хүчин чадал, санхүүжих дүнгээр нь нарийвчилж 1 дүгээр сарын 5-ны дотор, орон нутаг, харъяа агентлаг руу эрх шилжүүлэх арга хэмжээний саналыг 1 дүгээр сарын 7-ны дотор тус тус гаргаж, Эдийн засгийн хөгжлийн яаманд хүргүүлэх үүргийг Төсвийн Ерөнхийлөн захирагчдад өглөө. Түүнчлэн, орон нутагт хэрэгжих төсөл, арга хэмжээний бэлтгэлийг 1 дүгээр сард багтаан хангахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт Засгийн зүгээс даалгалаа.
Бэлтгэл нь хангагдсан төслүүдийн худалдан авах ажиллагааг оны эхнээс шуурхай зохион байгуулах, барилгын ажлыг 4 дүгээр сарын 1-нээс хоцроолгүй эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм.