Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Шоэллхаммер нар “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын дэмжих хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэхүү ёслолын ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун нар болон албаны бусад хүмүүс оролцов.
9 жилийн хугацаатай хэрэгжих энэхүү хөтөлбөр нь Улаанбаатар хотын гэр хорооллыг иргэдийн оролцоотой дахин төлөвлөх, усан хангамж, цэвэрлэх байгууламж, дулааны үйлчилгээг нэмэгдүүлэх, нийгэм эдийн засгийн дэд бүтцийг сайжруулж, бичил санхүүжилтийг дэмжих, төслийг хэрэгжүүлэх байгууллагын чадавхийг нэмэгдүүлэх зорилготой юм. Ингэснээр гэр хорооллууд цэвэр, бохир ус, дулаан хангамж, хатуу хучилттай авто зам, МСҮТ, цэцэрлэг зэрэг нийгэм эдийн засгийн ач холбогдолтой ажлууд хийгдэх бөгөөд тохилог гэр хороолол бий болох бололцоо бүрдэнэ.
Хөтөлбөрийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас 224 сая ам.доллар, Монгол Улсын Засгийн газраас 96 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг тус тус хийхээр төлөвлөсөн. Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд АХБ-аас хийгдэх санхүүжилт нь хөнгөлөлттэй зээл, энгийн эх үүсвэрээс санхүүжих арилжааны зээлээс бүрдэх бөгөөд хөнгөлөлттэй зээл нь 25 жилийн хугацаатай, үүнээс үндсэн өрийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил, жилийн 2%-ийн хүүтэй болно.
Хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр гэр хорооллын авто зам, нийгмийн болон инженерийн дэд бүтэц цогцоор шийдэгдсэн уялдаа бүхий дэд төвүүд бий болох, иргэдэд хүрэх эдийн засгийн болон төрийн үйлчилгээний хүртээмж сайжирна.
Энэхүү санхүүжилтийн хэлэлцээрийн санхүүжилтийн эх үүсвэрийг Азийн хөгжлийн банкны 2013 оны 12 сарын 12-ны Захирлуудын зөвлөлийн хурлаар хэлэлцэж хөрөнгийг баталгаажуулна.
Гэсэн хэдий ч Монгол Улсын “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль”-д дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх өрийн хэмжээг 60 хувь болгон нэмэгдүүлсэн тохиолдолд энэхүү хэлэлцээрийг УИХ соёрхон баталж, төсөл хэрэгжих бодит нөхцөл бүрдэх юм.