Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг шинэчлэх чиглэлээр хамтран ажиллах тухай Санамж бичигт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК)-ийг төлөөлж тус байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Н.Түен нар 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гарын үсэг зурав.
Энэхүү Санамж бичигт гарын үсэг зурснаар хоёр тал Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах, цаашид хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрөө тохиролцох эхний алхам болж байна.
Санамж бичигт заасны дагуу хөрөнгө оруулалт, худалдааны ложистик, хүнсний аюулгүй байдал, хяналт шалгалт болон зөвшөөрөл авахтай холбогдсон хууль тогтоомжийг аж ахуй эрхлэгчид дагаж мөрдөхөд илүү үр нөлөөтэй, бага зардалтай болгохын тулд Монгол Улсын хөрөнгө оруулалтын /бизнесийн/ орчныг сайжруулах чиглэлээр холбогдох төсөл, хөтөлбөрийг тодорхойлон хамтран хэрэгжүүлэх юм.