Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн яам хоёр асуудал оруулж, батлууллаа. Тодруулбал, “Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам” болон “Туул сонгино усны нөөцийн цогцолбор” -ын концессын гэрээний төслийг боловсруулан танилцуулсан юм.
Бохир уснаас эрчим хүч үйлдвэрлэнэ
Монгол Улс түүхэндээ анх удаа хаягдал ус цэвэршүүлэх замаар эрчим хүч үйлдвэрлэх төслийг эхлүүлэх гэж буй. Уг ажлыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор “Туул сонгино усны нөөцийн цогцолбор” төслийн концессын гэрээг “Морьтимпекс” ХХК-тай байгуулахыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт зөвшөөрөв. Төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 160 гаруй сая америк доллар байх аж. Гэрээг үзэглэсний дараах 9 сарын хугацаанд концесс эзэмшигч буюу “Морьтимпекс” компани нь нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл, урьдчилсан зураг төслийг боловсруулан төрийн захиргааны холбогдох байгууллагаар батлуулснаар концессын уг гэрээ хүчин төгөлдөр болох юм.
Төслийн хүрээнд концесс эзэмшигч нь үндсэн хоёр байгууламжийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж байгуулах ёстой. Нэгдүгээрт, Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжаас хаягдаж байгаа бохир усанд дахин гүн цэвэршүүлэлт хийх үйлдвэр. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж нь нийслэлийн хэмжээн дэх бохир усны дөнгөж 30 хувийг цэвэршүүлж байгаа бол дээрх үйлдвэр ашиглалтад орсноор хаягдал усыг 90 хүртэл хувиар гүн цэвэршүүлэх боломжтой болох юм. Улмаар цэвэршүүлэх байгууламжаас гарах усыг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх зориулалт бүхий “Усан цэнэгт цахилгаан станц”-ыг барих нь концесс эзэмшигчийн байгуулах ёстой хоёр дахь обьект болж байна. Цахилгаан станц нь шөнийн буюу бага ачааллын 22-06 цагийн хооронд цэвэршүүлсэн усыг уулын оройд байгуулах дээд усан сандаа насосоор шахаж бэлтгэнэ. Бэлтгэсэн усаа оройн оргил ачааллын үе болох 16-22 цагийн хооронд доод усан сан руу буулгах ба энэ замд нь турбин эргүүлж, цахилгаан үйлдвэрлэн Төвийн бүсийн эрчим хүчний системд нийлүүлэх юм.
“АЛТАНБУЛАГ-УЛААНБААТАР-ЗАМЫН-ҮҮД” чиглэлийн хурдны зам
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн яамнаас боловсруулан оруулсан удаах асуудал нь “Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам”-ын концессын гэрээний төсөл байв. Дээрх чиглэлд хурдны авто зам байгуулснаар зөвхөн дотоодын дэд бүтцийн хөгжилд чухал хувь нэмэр оруулахаас гадна ОХУ болон БНХАУ-ын хооронд дамжин өнгөрөх транзит тээврийн эргэлт манай улсаар дамжих бололцоотой болох юм.
Гэрээг “Чингис Лэнд Девелопмент групп-Шинэ хөгжлийн зам” ХХК-тай байгуулахыг Засгийн газрын хуралдаанаас Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт мөн өнөөдөр зөвшөөрлөө. Гэрээний дагуу концесс эзэмшигч нь Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны авто замыг концессын барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр өөрийн болон өөрийн боломжоор бий болгосон хөрөнгөөр 3 жилийн хугацаанд барьж байгуулах үүрэгтэй юм.
Концессын энэ гэрээ нь байгуулснаас хойш 30 жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд заасан эл хугацаа дуусгавар болоход Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам төрийн мэдэлд бүрэн шилжих учиртай. Төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 5 тэрбум америк доллар байна гэж Техник, эдийн засгийн урьдчилсан үндэслэлд тодорхойлсноос эхний ээлжийн 1 /нэг/ тэрбум америк долларын санхүүжилтийг Монгол улсын аль нэг арилжааны банкинд байршуулах нь концесс эзэмшигчийн гэрээ байгуулснаас хойшх 9 сарын дотор биелүүлэх ёстой үүрэг байх юм.