Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Өрсөлдөөний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасны дагуу аж ахуй эрхлэгч бусад аж ахуй эрхлэгчтэй нэгдэх, нийлэх замаар өөрчлөн байгуулагдах, бусад аж ахуй эрхлэгч хуулийн этгээдийн хувьцааг худалдан авсан, эсхүл бусад хэлбэрээр шилжүүлэн авсны үр дүнд Компанийн тухай хуульд заасан хяналтын багцыг эзэмших, эсхүл дангаар болон нэгдмэл сонирхолтой этгээдийн хамт хамгийн их энгийн хувьцааг эзэмших тохиолдолд өөрчлөн байгуулагдаж байгаа этгээдийн аль нэг нь, эсхүл хувьцаа худалдах, худалдан авах, шилжүүлж байгаа хуулийн этгээдийн аль нэгийнх нь борлуулалтын орлого Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын 8 дугаар зүйлийн 8.1-т заасан босго хэмжээнээс дээш байх тохиолдолд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө хороо (цаашид “хороо” гэх)-аас дүгнэлт гаргахтай холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.
1.2. Энэ журамд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
1.2.1. “нийлэх” гэж Компанийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасныг;
1.2.2. “нэгдэх” гэж Компанийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасныг;
1.2.3. “хуваах” гэж Компанийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасныг;
1.2.4. “тусгаарлах” гэж Компанийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасныг;
1.2.5. “хяналтын багц” гэж Компанийн тухай хуулийн 56 дугаар зүйлд заасныг;
1.2.6. “хэвтээ хэлбэрийн нэгдэх, нийлэх” гэж бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, эсхүл борлуулалтын хувьд нэг зах зээлд үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдүүд хоорондоо нэгдэх, нийлэх үйл явцыг;
1.2.7. “босоо хэлбэрийн нэгдэх, нийлэх” гэж бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, эсхүл борлуулалтын хувьд нэг зах зээлд үйл ажиллагаа эрхэлдэггүй бэлтгэн нийлүүлэгч, үйлдвэрлэгч, борлуулагч хуулийн этгээдүүд хоорондоо нэгдэх, нийлэх үйл явцыг;
1.2.8. “цогцолбор хэлбэрийн нэгдэх, нийлэх” гэж үйлдвэрлэл, үйлчилгээ, эсхүл борлуулалтын хувьд хоорондоо харилцан хамааралгүй, өөр өөр зах зээлд үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдүүд нэгдэх, нийлэх үйл явцыг;
1.2.9. “Критик алдагдлын шинжилгээ” гэж тухайн нэг бараа бүтээгдэхүүний үнэ 5-10 хувь өсөхөд эрэлт нь өөр бүтээгдэхүүн рүү шилжих ба үнийн өсөлтөөс олох ашиг нь эрэлт буурснаас үүсэх алдагдлыг нөхөж чадахгүй байгааг харуулах үүднээс хийж байгаа шинжилгээг;
1.2.10. “критик алдагдал” гэж тухайн үнийн өсөлтөөс болж буурч байгаа борлуулалтын хэмжээг гэнэ.
Хоёр. Хуулийн этгээдийн өргөдлийг хүлээн авах
2.1. Өрсөлдөөний тухай хуулийн хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т заасны дагуу хуулийн этгээдээс гаргасан хүсэлтийг хороо хүлээн авч шийдвэрлэнэ.
2.2. Хүсэлтэд дараахь баримт хавсаргасан байна:
2.2.1. нэгдэх, нийлэх, хувьцаа худалдан авах, эсхүл бусад хэлбэрээр шилжүүлэн авах хуулийн этгээд тус бүрийн үйл ажиллагааны танилцуулга;
2.2.2. хүсэлт гаргаж байгаа хуулийн этгээд тус бүрийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн эрх барих дээд байгууллага болон гүйцэтгэх удирдлагын талаархи бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын лавлагаа;
2.2.3. нэгдэх, нийлэх, хувьцаа худалдан авах, эсхүл бусад хэлбэрээр шилжүүлэн авах хуулийн этгээдийн хуулийн этгээдийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө;
2.2.4. нэгдэх, нийлэх, хувьцаа худалдан авах, шилжүүлэн авах талаар шийдвэр гаргасан хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөл эсхүл хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, хурлын тэмдэглэл;
2.2.5. хуулийн этгээд тус бүрийн аудитаар баталгаажсан сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан, дансны хуулга, харилцахын баримт;
2.2.6. хуулийн этгээд тус бүрийн эрхэлж байгаа үйл ажиллагааны чиглэл, зах зээлийг хамрах хүрээ, үйлдвэрлэл, үйлчилгээний борлуулалтын нийт хэмжээ, нэр төрөл болон бусад эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн талаархи мэдээлэл (сүүлийн 2 жилийн байдлаар).
2.3. Хороо нь нэгдэх, нийлэх, хувьцаа худалдан авах, шилжүүлэн авч байгаа аж ахуй эрхлэгчийг энэхүү журмын 3.3-т заасан заасан хэлбэрийн аль болохыг тогтоох зорилгоор аж ахуй эрхлэгчээс үйл ажиллагааны талаарх нэмэлт мэдээлэлийг гаргуулж болно.
2.4. Хороо нь хуулийн этгээдийн ирүүлсэн хүсэлт, холбогдох баримт бичгийн бүрдлийг шалгаж, Засгийн газрын тогтоолоор баталсан борлуулалтын орлогын босгод хүрээгүй, холбогдох баримт бичиг нь шаардлага хангаагүй эсхүл бүрдэл дутуу тохиолдолд ажлын 3 хоногт шаардлагатай нэмэлт баримт бичиг гаргуулахаар буцааж болно.
2.5. Өрсөлдөөний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасан борлуулалын орлогын босгод хүрээгүй аж ахуй эрхлэгч хүсэлт гаргасан тохиолдолд хүсэлтийг хүлээн авахаас татгалзана.
Гурав. Баримт бичигт судалгаа хийх
3.1. Хороо нь аж ахуй эрхлэгчийн ирүүлсэн хүсэлт, холбогдох баримт бичгийг хянаж, нэгдэх, нийлэх, хуулийн этгээдийг худалдан авах, шилжүүлэн авах үйл ажиллагааны үр дүнд өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөл бүрдэх эсэхэд судалгаа хийнэ.
3.2. Өрсөлдөөний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасны дагуу хүсэлт гаргасан хуулийн этгээд тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасан босго хэмжээнд хүрсэн эсэхийг нягтална.
3.3. Хүсэлтийг хянаж, хяналт-шинжилгээ хийн хуулийн этгээдийн нэгдэх, нийлэх, хуулийн этгээдийг худалдан авах, шилжүүлэн авах үйл явц дараахь гурван хэлбэрийн аль нь болохыг тодорхойлно:
3.3.1. цогцолбор хэлбэрийн нэгдэх, нийлэх;
3.3.2. хэвтээ хэлбэрийн нэгдэх, нийлэх;
3.3.3.босоо хэлбэрийн нэгдэх, нийлэх;
3.4. Хүсэлт гаргасан гаргагчийн ирүүлсэн мэдээлэл болох нэгдэх, нийлэх, хувьцаа худалдан авах, шилжүүлэн авах гэж буй талуудын үйл ажиллагааны танилцуулга, стратеги төлөвлөгөө, хувьцаа эзэмшигчдийн хурлын эсхүл төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэр, хурлын тэмдэглэл, санхүүгийн тайлан, талуудын хоорондын арилжааны түүх, дансны хуулга, харилцах касс зэргийг үнэлсний үндсэн дээр тэдгээр нь цогцолбор, хэвтээ эсхүл босоо хэлбэрийн аль нь болохыг тодорхойлно.
3.5. Хүсэлт гаргагч аж ахуй эрхлэгчид ижил төрлийн бизнесийн үйл ажиллагаа явуулдаггүй, өрсөлдөгч биш, бүтээгдэхүүн үйлчилгээ хэн нэгэндээ үзүүлдэггүй, өмнө нь харилцаж байсан түүх байхгүй бол цогцолбор хэлбэрийн нэгдэх, нийлэх үйл ажиллагаа гэж үзэж өргөдөлд нарийвчлан судалгаа хийх шаардлагагүй бөгөөд холбогдох шийдвэрийг ажлын 14 хоногийн дотор гаргаж, хариуг хүсэлт гаргагч болон бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, хувьцаа худалдан авах, шилжүүлэн авах тохиолдолд хүсэлт гаргагч, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон үнэт цаасны арилжаа эрхлэх эрх бүхий байгууллагад тус тус албан бичгээр хүргүүлнэ.
3.6. Хүсэлт гаргагч аж ахуй эрхлэгчдийн ядаж 2 нь ижил төрлийн бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг өрсөлдөгчид бол тэдгээрийг хэвтээ хэлбэрийн нэгдэх, нийлэх үйл ажиллагаа гэж үзэх ба дор дурдсан хүчин зүйлийг үнэлэх замаар дүн шинжилгээ хийж зөвшөөрсөн эсхүл татгалзсан дүгнэлт гаргана.
Холбогдох зах зээлийг “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-д заасны дагуу тодорхойлох ба ингэхдээ тухайн зах зээлийн мэдээллийн олдоц, чанар, болон тухайн нөхцөл байдлаас хамааран SSNIP тест эсхүл критик алдагдлын шинжилгээ эсхүл хамтад нь үнэлж болно.
3.6.1. SSNIP тестийг үнэлэхдээ тухайн бараа бүтээгдэхүүний үнийг 5 хувь эсхүл 10 хувиар өсгөхөд тухайн аж ахуй эрхлэгчдийн ашиг өсөх эсхүл буурах тохиолдлыг үнэлэн харьцуулах замаар холбогдох зах зээлийг тодорхойлно. Ашиг өсч байвал холбогдох зах зээлийг тухайн бараа бүтээгдэхүүнээр тодорхойлох ба ашиг буурч байвал орлох бараа бүтээгдэхүүнийг тодорхойлж дахин уг тестийг үнэлэх замаар тооцох бөгөөд зарим тохиолдолд чанарын судалгааны арга ашиглан үнэлнэ.
2. Энэхүү журмын 1-т заасан чанарын судалгааг хийхдээ эрэлтийн орлох байдал буюу хэрэглэгчээс судалгаа авах, нийлүүлэлтийн орлох байдал буюу өрсөлдөгчид, боломжит өрсөлдөгчдөөс судалгаа авах замаар хийнэ.
3. Хэрэглэгчээс авах судалгааны зорилго нь эрэлтийн орлох байдлыг тодорхойлох зорилготой бөгөөд хэрвээ үнэ 5-10 хувь өсвөл хэрэглэгч өөр бараа бүтээгдэхүүнийг, эсвэл газарзүйн хувьд өөр байрлалыг сонгох эсэхийг тодорхойлохуйц асуулгыг багтаасан чанарын судалгаа байна.
4. Өрсөлдөгчид, боломжит өрсөлдөгчдөөс авах судалгаа нь нийлүүлэлтийн орлох байдлыг тодорхойлох зорилготой бөгөөд хэрвээ үнэ 5-10 хувь өсвөл тухайн өрсөлдөгч дагаж үнээ өсгөх эсэх, өсгөхгүй бол тэдэнд ашигтай байх эсэх, боломжит өрсөлдөгчид буюу өнөөдрийн байдлаар уг бараа бүтээгдэхүүнийг нийлүүлдэггүй боловч үнэ өсөхөд уг бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэхээр сонирхох эсэх, үнээ хэрхэн тогтоох гэх мэт асуулгыг багтаасан судалгаа байна.
5. Энэ журмын 1, 2-т заасан судалгааг хийхдээ хичнээн хэмжээний хэрэглэгч эсхүл өрсөлдөгч, боломжит өрсөлдөгчөөс судалгаа авахыг тогтоохдоо тухайн зах зээлийн багтаамж, хэрэглэгч, өрсөлдөгчдийн тоо зэргийг үндэслэн төлөөлөх чадвартай байхаар түүврийг сонгон хийнэ.
3.6.2. Критик алдагдлын шинжилгээг хийхдээ дараах томъёог ашиглан хийх ба гарсан үр дүнг бодит алдагдалтай харьцуулах замаар холбогдох зах зээлийг тодорхойлно:
КА=X/(M+X)
КА-критик алдагдал
Х- Үнийн өсөлтийн хувь
М-Мааржин буюу ашгийн түвшин
1. Хэрвээ бодит алдагдал нь критик алдагдлаас бага бол нь бодит алдагдлаас их байвал үнийн өсөлт тухайн нэгдэн нийлж буй талд ашигтай байх ба холбогдох зах зээл тодорхойлогдсон гэж үзнэ.
3.6.3. энэхүү журмын 3.6.1, болон 3.6.2-т заасан үнэлгээг хийхэд шаардагдах тухайн судлагдаж буй бараа бүтээгдэхүүний эрэлтийн мэдрэмжийн талаар мэдээллийг сүүлийн 2 жилийн дотор хийгдсэн төрийн холбогдох байгууллагын судалгаа болон хорооноос ашиглаж болно гэж үзсэн судалгааны байгууллагын судалгааны үр дүнг ашиглан тооцож болно.
3.6.4. хэрвээ энэхүү журмын 3.6.3-т заасанчлан тухайн бараа, бүтээгдэхүүний эрэлтийн мэдрэмжийн талаар судалгаа сүүлийн 2 жилд хийгдэж байгаагүй бол холбогдох тоо, мэдээллийг ашиглан ШӨХТХ өөрөө тооцох эсхүл бие даасан судалгааны байгууллагаар уг судалгааг хийлгэж болно.
3.6.5. бие даасан судалгааны байгууллагаар судалгаа хийлгэхтэй холбогдон гарах зардлыг өргөдөл гаргагч хариуцна.
3.6.6. энэхүү журмын 3.6.1-т заасны дагуу тодорхойлсон холбогдох зах зээл дээр тухайн хүсэлт гаргагч нэгдэх, нийлэх, хуулийн этгээдийг худалдан авах, шилжүүлэн авснаар бий болох зах зээлийн төвлөрлийн түвшин, зах зээлийн хүчийг тодорхойлох замаар өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөл бүрдэх эсэхийг тодорхойлох. Төвлөрлийн түвшин, зах зээлийн хүчийг “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-д заасны дагуу тодорхойлж, улмаар нэгдэх, нийлэх үйл явцын үр дүнд тухайн зах зээлийн төвлөрлийн түвшин, зах зээлийн хүч нэмэгдэхээр бол зах зээлийн өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөл бүрдэнэ гэж үзнэ.
3.6.7. зах зээлийн төвлөрлийн түвшинг тодорхойлохдоо тухайн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй эрхлэгчийн тоо, мэдээллээс хамаарч Херфендал Хиршман Индекс болон Төвлөрлийн харьцааг тодорхойлох аргын /Concentration ratio/ аль нэгийг ашиглана; Аж ахуй эрхлэгчийн тухайн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт, худалдан авалтын хэмжээг бараа бүтээгдэхүүний хүрээ, газар зүйн хил хязгаараар тодорхойлогдсон зах зээлийн үйлдвэрлэл, борлуулалт, худалдан авалтын нийт хэмжээг харьцуулсан судалгаа.
1. Бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт, худалдан авалтын хэмжээг дор дурдсан зүйлийг харгалзаж ойролцоогоор тооцож болно:
1.Биет хэмжээ.
2.Мөнгөн дүн.
3.Шаардлагатай бол үйлдвэрлэл, борлуулалт, худалдан авалтын хүчин чадал.
4.Технологийн давуу байдал, тоног төхөөрөмжийн хүчин чадал
2. Аж ахуй эрхлэгчийн зах зээлд эзлэх хувийг дараах 3 аргын аль нэгээр тодорхойлно:
3.6.8. Нийлүүлэлтийн сүлжээний босоо шугамын харилцаанд оролцож буй аж ахуй эрхлэгч нийлүүлэлтийн сүлжээний дараагийн зах зээлийн гол түүхий эд, орцыг олж авах боломжийг хянах боломж, эсхүл бусад өрсөлдөгчид нийлүүлэх боломжгүй гол түүхий эдийг давуу эрхтэйгээр нийлүүлэх чадвар нь тухайн аж ахуй эрхлэгчийн давамгай байдлыг тогтоох үндэслэлийн нэг болно.
3.7. Тухайн аж ахуй эрхлэгчийн зах зээлд үзүүлэх хүчийг тодорхойлохдоо дараах хүчин зүйлийг харгалзан үзнэ:
3.7.1. Зах зээлийн үнэд нөлөөлөх чадварыг тодорхойлох;
Аж ахуйн эрхлэгч бүтээгдэхүүний үнэ бусад өрсөлдөгчөөс хамааралгүйгээр нэмэгдүүлэх чадвар;
Тухайн аж ахуй эрхлэгч бусад өрсөлдөгчдөөс хамааралгүй бие даасан байдлаар өөрийн борлуулалт, нийлүүлэлтийн хэмжээг өөрчлөх талаар шийдвэр гаргах чадвар;
Аж ахуй эрхлэгч нь дангаараа эсхүл нэгдмэл ашиг сонирхолтой этгээдтэй хамтран тухайн зах зээлд эзлэх хувь болон холбогдох бүтээгдэхүүний нийлүүлэлт, борлуулалтад үнэ, хэмжээнд хяналт тогтоох чадвар;
Тухайн зах зээл дэх бусад өрсөлдөгч, тэдгээрийн зах зээлд эзлэх хувь;
Зах зээлийг тэнцвэржүүлэх чадвар, нөлөөлөл;
Зах зээлийн бусад онцлог, шинж чанар;
3.7.2. Зах зээлд нэвтрэх болон өргөжихөд тулгарах бэрхшээл, хязгаарлалт байгаа эсэхийг тогтоохдоо дараах хүчин зүйлсийг харгалзан үзнэ:
1. Тухайн зах зээлд бусад өрсөлдөгч нэвтрэх боломж, нөхцөл байдал;
2. Тухайн зах зээлд шинээр аж ахуй эрхлэгч нэвтрэн ороход хууль тогтоомжийн дагуу тогтоосон болон бусад зохицуулалтын хязгаарлалт бий эсэх;
3. Уралдаан шалгаруулалт, тендерийн зах зээл дэх нөхцөл байдал;
4. Технологи, оюуны өмч, худалдан авагчийн хүч, эдийн засгийн зохицуулалт болон бусад хүчин зүйл:
5. Бүтээгдэхүүний төрөл, сонголт;
6. Худалдан авагч байнгын нийлүүлэгчдийнхээ эсхүл нийлүүлэгч байнгын худалдан авагчийнхаа хэвшмэл болсон үйлчилгээ, төлөв байдлаас татгалзаж өөр нийлүүлэгч эсхүл худалдан авагчтай хэлэлцээр хийх, хамтрах сонирхол байгаа эсэх;
7. Шинээр аж ахуй эрхлэгч тухайн зах зээлд нэвтрэн ороход технологи, хөрөнгө оруулалт, санхүүгийн хувьд боломжтой эсэх;
8. Тухайн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй эрхлэгчдийн зүгээс шинээр аж ахуй эрхлэгч нэвтрэн ороход ямар нэгэн хязгаарлалт хийх боломж байгаа эсэх;
3.7.3. Аж ахуй эрхлэгчийн тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх буюу борлуулах хүчин чадлыг тооцохдоо дараах зүйлсийг харгалзана:
1.Аж ахуй эрхлэгчийн тухайн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх буюу борлуулах хүчин чадал;
2.Аж ахуй эрхлэгчийн технологи, хөрөнгө оруулалт, санхүүгийн байдал;
3.Аж ахуй эрхлэгчийн тухайн зах зээл болон бусад зах зээлд эзлэх хувь;
4.Аж ахуйн эрхлэгчлийн тухайн зах зээлд эзлэх хувь хэдий хугаацаанд үргэлжилсэн болон тус хувь өөрчлөгдсөн байдал;
3.7.4. Зах зээл дэх төрийн зохицуулалтын нөхцөл байдал, үр дүнг үнэлэхдээ дараах хүчин зүйлсийг харгалзан үзнэ:
1.Тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, борлуулахтай холбоотой тусгай зөвшөөрөл, эрхийг авахад тавигдах шаардлага, зарцуулах хугацаа, зардал;
2.Хууль тогтоомжийн дагуу тогтоосон үнийн зохицуулалт, үнэ тогтоох эрх чөлөө байгаа эсэх.
3.7.5. Зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй эрхлэгчийн байр суурь, хүч, нөлөөллийг тодорхойлохдоо Лернерийн индекс болон олон улсын туршлага, холбогдох бусад арга аргачлалыг ашиглаж болно. Лернерийн индексийг дараах 3 аргын аль нэгээр тодорхойлно:
3.8. нэгдэх, нийлэх, хуулийн этгээдийг худалдан авах, шилжүүлэн авах үйл явц нь өрсөлдөгч бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлээс шахан гаргахад чиглэсэн болон зах зээлд нэвтрэхэд саад учруулах нөхцөл байдал үүсч болох эсэхийг хянана;
3.9 нэгдэх, нийлэх, хуулийн этгээдийг худалдан авах, шилжүүлэн авах үйл явц нь өрсөлдөгч бусад аж ахуй эрхлэгчийн эдийн засгийн ашиг сонирхол болон хэрэглэгчийн эрх ашгийг хясан боогдуулахад чиглэсэн эсэхийг тодорхойлно;
3.10. Хэрэв нэгдэх, нийлэх, хувьцаа худалдан авч буй этгээдүүд хоорондоо бизнесийн харилцаа хамааралтай эсхүл өмнө нь бизнесийн харилцаагүй боловч хамаарал бүхий үйл ажиллагаа эрхэлдэг үйлдэрлэгч эсхүл импортлогч тэдгээрийн бэлтгэн нийлүүлэгч, дистрибютер зэргээр үйл ажиллагааны өөр өөр шатанд үйл ажиллагаа явуулдаг бол тэдгээрийг босоо нэгдэх, нийлэх үйл явц гэж үзэх ба дор дурдсан хүчин зүйлийг үнэлэх замаар судалгаа хийж зөвшөөрсөн эсхүл татгалзсан дүгнэлт гаргана.
3.11. аж ахуй эрхлэгч нь нэгдэн нийлэх, хуулийн этгээдийг худалдан авах, шилжүүлэн авснаар бусад ижил төрлийн бараа, бүтээгдэхүүн, түүхий эд бэлтгэн нийлүүлэгч, үйлдвэрлэгч, борлуулагч болон өөр орлох бүтээгдэхүүн нийлүүлэгч зах зээлд үлдэх эсэхийг тодорхойлно;
3.12. аж ахуй эрхлэгч нь нэгдэн, нийлэх, хуулийн этгээдийг худалдан авах, шилжүүлэн авснаар ижил төрлийн бараа бүтээгдэхүүний түүхий эд бэлтгэн нийлүүлэгч, үйлдвэрлэгч, борлуулагчийн эдийн засгийн ашиг сонирхол, өрсөлдөөнийг болон хэрэглэгчийн эрх ашгийг хясан боогдуулах эсэхийг тодорхойлно;
3.13. аж ахуй эрхлэгч нэгдэх, нийлэх, хуулийн этгээдийг худалдан авах, шилжүүлэн авснаар улс орны эдийн засагт үзүүлэх эерэг талыг дараах хүчин зүйлсийг үнэлэх замаар харгалзан үзэх ба эерэг тал нь дамавгайлсан тохиолдолд шууд зөвшөөрсөн шийдвэр гаргана гэж үзэхгүй.
3.14. нэгдэх, нийлэх, хуулийн этгээдийг худалдан авах, шилжүүлэн авч дотоодын зах зээлд үйл ажиллагаа явуулахгүй тохиолдолд улсын эдийн засагт ашигтай байдал нь өрсөлдөөнд учруулах хохирлоос илүүтэй эсэх;
3.15. Дампуурлын тухай хуульд заасан нөхцөл байдал үүсэн аж ахуй эрхлэгчийг өөртөө нэгтгэх, нийлэх, хувьцааг нь худалдан авах замаар үйл ажиллагааг нь сэргээх эсэх;
3.16. Нэгдэх, нийлэх, хуулийн этгээдийг худалдан авах, шилжүүлэх замаар улс орны, эсхүл тухайн орон нутгийн ажил эрхлэлтийн түвшинд томоохон нөлөө үзүүлэх эсэх;
3.17. Нэгдэх, нийлэх, хуулийн этгээдийг худалдан авах, шилжүүлэх замаар шинэ техник, технологи нэвтрүүлэх ба ингэснээр тухайн зах зээлийн хөгжилд эерэг нөлөө үзүүлэх эсэх.
Дөрөв. Дүгнэлт гаргах
4.1. Хороо нь хуулийн этгээдийн өргөдлийг хянан үзэж тухайн хуулийн этгээдийг нэгдэх, нийлэх болон хувьцаа худалдан авах, эсхүл бусад хэлбэрээр шилжүүлэн авахыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан талаар дүгнэлт гаргана.
4.2. Татгалзсан дүгнэлт нь аж ахуй эрхлэгчийн өөрчлөн байгуулагдах, хувьцаа худалдан авалт, шилжүүлэхтэй холбоотой өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхгүй байх үндэслэл болох бөгөөд өмнө хийгдсэн улсын бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл болно.
4.3. Хуулийн этгээдийг хувьцаа худалдан авах, шилжүүлэн авахыг татгалзсан дүгнэлт хороо гаргасан бол уг дүгнэлтийг Санхүүгийн зохицуулах хороо, үнэт цаасны арилжаа эрхлэх эрх бүхий байгууллагад хүргүүлнэ.
Тав. Бусад
5.1. Хороо нь Өрсөлдөөний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасан борлуулалтын орлогын босго хэмжээг тогтоосон Засгийн газрын тогтоолыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон үнэт цаасны арилжаа эрхлэх эрх бүхий байгууллага болон бусад холбогдох эрх бүхий байгууллагад тус тус хүргүүлж, борлуулалтын орлогын босго хэмжээнд орсон өөрчлөлтийн талаар тухай бүр мэдээлж байна.
5.2. Үнэт цаасны арилжааны зуучлалын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий байгууллага нь хуулийн этгээдийн ижил төрлийн бараа, бүтээгдэхүүн борлуулдаг өрсөлдөгч компанийн хувьцааны тодорхой хувийг худалдан авах, шилжүүлэх арилжаа хийхээс өмнө хороо дүгнэлтийг уг хуулийн этгээдээс шаардана.
5.4. Хороо нь энэхүү журмын дагуу хуулийн этгээдийн ирүүлсэн хүсэлтийг хянаж, судалгаа хийхдээ тухайн салбар, зах зээлийн онцлогийг харгалзан бусад төрийн болон төрийн бус байгууллагаас мэргэжлийн шинжээч, зөвлөхийг татан оролцуулж болно.
5.5. Энэхүү журмыг хэрэгжүүлэх явцад гарсан маргааныг Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.