Манай улсад цол, чимэг олгодог хоёр төрлийн барилдаан
бий. Нэгдүгээрт, Улсын их баяр наадам. Хоёрдугаарт, Бүх цэргийн наадам юм. Цэргийн
цол, чимэг олгодог Бүх цэргийн наадам нь 1992 оноос хойш 22 удаа болсон бөгөөд
22 удаагийн наадмын түрүү бөхчүүдээс улсын дархан аварга 1, улсын аварга 1,
улсын гарьд 2, улсын заан 2, улсын харцага 3, улсын начин 8 төржээ. Мөн
үзүүрлэсэн бөхчүүдийн олонхи нь улсын цолонд хүрсэн байна. Тэгвэл түрүүлж,
үзүүрлэсэн бөхчүүд улсын өндөр цолонд хүрсэн байдгаас гадна “босго өндөртэй” ,
“булган сүүлтэй” наадам гэж яригддаг Бүх цэргийн наадмын барилдаан
өнгөрсөн амралтын өдөр Бөхийн өргөөнд болж өндөрлөлөө. Цэргийн цол, чимэг олгох
энэхүү барилдаанд үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий
байгууллагуудын харьяа аймаг цэрэг, сумын цолтой 256 бөх зодоглов. Барилдааныг
МҮБХ, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, "Алдар" спорт
хороо хамтран зохион байгуулсан юм. Барилдааныг нээж ЗХЖШ-ын дарга, дэслэгч
генерал Ц.Бямбажав үг хэлсэн бол Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон барилдааны
төгсгөлд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цэргийн цол, чимэгийг нь гардуулж өгсөн
юм. Залуу бөхчүүдийн хурд хүч, уран мэхийг үзэж сонирхохоор Батлан хамгаалахын
сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, дэслэгч
генерал Ц.Бямбажав, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч
генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай болон
БХЯ-ны ТЗУГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Алтансүх, ЗХЖШ-ын Ажиллагааны
удирдлагын газрын дарга, хурандаа Д.Ганзориг, Монгол Улсын дархан аварга,
"Алдарт" спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаяр болон бусад спорт
хороодын удирдлагууд болон бөх сонирхогч цугласан байв.
Барилдаанд аймгийн хурц арслан Ё.Эрдэнэжаргал, Ш.Мөнгөнбаатар, А.Алтанхуяг, Д.Цэвэлсодном, С.Ариунбилэг, Ш.Шинэбаяр, Н.Жаргалбаяр, Б.Одгэрэл, О.Гантулга, Ба.Баярсайхан, аймгийн арслан Ч.Булганхүү, А.Сүмбээ, Д.Батжаргал, О.Баярхүү, Б.Хашбат, Б.Дэлгэрсайхан нараар магнайлуулсан аймаг цэрэг, сумын цолтой хүчит 256 бөх зодоглосноос Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат Хилчин спорт хороо, Хилийн цэргийн 0253-р анги, Их Монголын хүчтэн дэвжээний бөх аймгийн заан Лутын Батзориг түрүүлж цэргийн арслан цол хүртлээ. Л.Батзориг нэгийн даваанд аймгийн начин О.Мөнх-Ирээдүй, хоёрт аймгийн арслан Б.Уугандаваа, гуравт аймгийн арслан Ө.Сүхбаттай тунаж, дөрөвт аймгийн арслан Ш.Дарханбат, тавд аймгийн арслан Д.Хүдэрбулгатай тунаж, зургаад аймгийн начин Х.Гантулгатай тунаж, долоод аймгийн арслан Ц.Чимэддоржтой тунаж, наймд хурц арслан Б.Одгэрэлтэй үлдэж, барилдааны түрүү бөхөөр тодорсон юм.
Үзүүрт Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат Алдар спорт хороо, Таванхан дэвжээний бөх аймгийн хурц арслан Б.Одгэрэл үлдэж, их шөвгийн дөрөвт Увс аймгийн Малчин сумын харьяат Алдар спорт хороо, Увснуур дэвжээний бөх аймгийн хурц арслан О.Гантулга, Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат Алдар спорт хороо, Их Монголын хүчтэн дэвжээний бөх аймгийн арслан Ц.Чимэддорж нар шалгаран үлдэж чимэг нэмэв.
Дунд шөвөгт Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат Хилчин спорт хороо, Булганхангайн хүчтэн дэвжээний бөх аймгийн арслан Д.Тамир, Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат Алдар спорт хороо Их Монголын хүчтэн дэвжээний бөх аймгийн начин Х.Гантулга, Архангай аймгийн Хотонт сумын харьяат Соёмбо спорт хороо, Бөхбилэгт дэвжээний бөх сумын заан Г.Биндэръяа, Баянхонгор аймгийн Заг сумын харьяат Аврагч спорт хороо Ихбогд дэвжээний бөх сумын заан Д.Цэрэнтогтох нар үлдэж Д.Тамир, Х.Гантулга нар чимэг нэмж, Г.Биндэръяа, Д.Цэрэнтогтох нар цэргийн начин цолны эзэд болов. Ийнхүү 2015 оны "Бүх цэргийн наадам"-аас цэргийн арслан цолтон нэг, цэргийн начин цолтон 2 төрөн гарч, таван бөх шөвгөрч чимэг нэмлээ.