Засгийн газрын гадаад зээл тусламжийн төслүүдийн үр ашиг, бүтээмжийг сайжруулахын тулд төслүүдийг нэгтгэх, орон тоо, бүтцийг шинэчлэх, урсгал зардлыг бууруулах зэрэг арга хэмжээ авах Засгийн газрын тогтоол гарлаа. Төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий албанд 474 ажилтан ажиллаж байна. Эдгээр төсөл, хөтөлбөрийн урсгал зардалд 2023-2024 онд 57 тэрбум төгрөг зарцуулсан бол 2025 онд 29,7 тэрбум төгрөг батлагдсан байна.
Засгийн газрын тогтоол гарснаар тус зардлыг дахин 40 орчим хувиар бууруулж 11,5 тэрбум төгрөг хэмнэхээр тооцлоо. Зээл тусламжийн хэлэлцээр бүрийн дараа тусгайлсан төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулагддаг. Эдгээр олон төслийн нэгжийг нэгтгэн “Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж”-ийг байгуулж, орон тоог 200 орчмоор багасгахаар боллоо. Мөн төслийн нэгжүүд хувийн байгууллагуудын оффис түрээслэхгүй, зөвхөн харьяалагдах төрийн байгууллагын байранд ажиллах үүрэг өглөө. Ингэснээр жилд дунджаар хоёр тэрбумын зардал хэмнэнэ.
Цаашид шинээр эхлэх гадаад, зээл тусламжийн төслүүдэд төслийн нэгж шинээр байгуулахгүй, холбогдох салбарын нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжид хамааруулах юм.