
Оросын Холбооны Улсын Зэвсэгт хүчний төв музейн салбар болох маршал Г.К.Жуковын өрөө музейн эрхлэгч, хурандаа В.В.Лукин Монгол Улсад зочилж, ажил хэргийн уулзалт хийж байна.

Тэрбээр өчигдөр Монгол Улсын Батлан хамгаалах яамнаа хүрэлцэн ирж, Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатартай уулзаж, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, Монгол Улсын баатар, маршал Г.К.Жуковын амьдрал, ажил үйлс, тэмцэл ялалтын арвин баялаг сан хөмрөг бүхий анхны музей болох Монгол цэргийн музейн салбар Маршал Жуковын музейд зочилсон сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийллээ.

Хурандаа В.В.Лукин хоёр орны батлан хамгаалах салбарын соёлын харилцаа, цэргийн музейнуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, 2015 онд тохиох Эх орны дайны түүхт 70 жилийн ой болон 2016 онд болох маршал Г.К.Жуковын мэндэлсэний 120 жилийн ойг хоёр орны музейн түвшинд хэрхэн хамтарч тэмдэглэх талаар зөвлөлдөж, санал солилцлоо. Оросууд маршалынхаа түүхт ойг угтаж, ОХУ болон бусад оронд байдаг Жуковын музей, хөшөө дурсгалыг судлан, түүний амьдрал, алдар гавьяаных нь талаар үнэн бодитой баримтыг цуглуулж, олон нийтэд хүргэх, хурал, хэлэлцүүлэг зохион байгуулах зорилготой байгаа талаараа мөн дуулгасан юм.
