Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх, зах зээлд чөлөөт өрсөлдөөний таатай орчин бүрдүүлж, шударга нээлттэй зах зээлийг бий болгох, Хүнсний тухай хууль, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, Чанарын дэд хөтөлбөр зэрэг хэрэглэгчийн сайн сайхан байдлыг дээшлүүлэх нөхцөлийг хангахад чиглэсэн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд “Тохиролын үнэлгээний байгууллагын хөгжлийн төв” ТББ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Уг санамж бичгийн хүрээнд дараах чиглэлд хамтран ажиллана.
- Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 291 дүгээр тогтоолоор баталсан Тохирлын баталгаанд заавал хамруулах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалтад орсон бүтээгдэхүүнийг тохирлын баталгаанд хамруулж, бүтээгдэхүүнийг Аюулгүйн тэмдэг, тохирлын гэрчилгээтэйгээр зах зээлд нийлүүлэх ажлыг эрчимжүүлэх замаар хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангах;
- Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай Монгол Улсын хуулийн дагуу сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, хүнсний хангамжийн тохирлын баталгааг Монгол Улсын Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний тухай хууль, тогтоомжийн шаардлага нийцүүлэхэд хамтран ажиллах;
- Тохирлын баталгаажуулалтад хамрагдсан менежментийн болон үйлдвэрлэлийн тогтолцоотой байгууллага, Аюулгүйн тэмдэг болон тохирлын гэрчилгээ хэрэглэх эрх бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх Үндэсний мэдээллийн санг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
- Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хэрэглээний соёлын талаарх хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэх сургалт, сурталчилгааг зохион байгуулах;
- Худалдааны газруудад тохирлын баталгаатай бүтээгдэхүүнийг худалдаалах талаар зөвлөмж чиглэл өгөхөд оршино.