2021 оны эхний хагас жилд хийсэн хяналт шалгалтуудаас бүрэн хянагдаж дууссан 8-н асуудлыг ШӨХТГ-аас олон нийтэд ил тод нээлттэй мэдээлэх үүргийн дагуу 2021 оны 7 дугаар сарын 1-ны өдөр хэвлэлийн хурал хийлээ. Тус хуралд Агентлагийн дарга Б.Бат-Эрдэнэ, ШӨХТГ-ын орон тооны гишүүн Н.Бямбадорж, ӨБЗЗЗСГ-ын дарга Т.Батцэцэг, ХЭХЗСГ-ын дарга Ш.Цэрэндулам, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Чингэлтэй дүүрэг хариуцсан байцаагч нар оролцсон юм. Хэвлэлийн хурлаар дараах асуудлуудыг олон нийтэд танилцуулав.
Үүнд:
- Тендерийн гомдол
- Замын-Үүдийн ачаа тээврийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын тухай гэсэн 7 асуудлыг олон нийтэд танилцуулах юм.
- Үнэт цаасны зах зээлд буюу үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд хийгдсэн хяналт шалгалт
- Хаяг шошго ба Зөгийн балны хяналт шалгалт
- Хүчит шонхор захын эрүүл ахуйн үйл ажиллагаанд хийсэн шалгалт
- Эмийн сангийн шалгалт
- Шатахууны шалгалт
- Лифт
1.ТЕНДЕРИЙН ГОМДЛЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ
2021 оны эхний улирлын байдлаар ирүүлсэн нийт 176 гомдлын 78 нь захиалагч тендерийн баримт бичиг бэлтгэхдээ ТБОНӨХБАҮХАТ хууль зөрчсөн, 4 нь ТБОНӨХБАҮХАТ хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, 17 нь тендерийн оролцогч биш, 36 нь тендерт гомдол гаргах хуульд заасан хугацаа хэтэрсэн, 11 нь тендерийн нээлт хийсэн, 1 нь гомдлоо буцаан татсан, 4 нь гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр хийж байгаа худалдан авах ажиллагаатай холбоотой гомдол, 6 нь гомдлоо дахин гаргасан, 7 нь тендерийн хугацаа сунгуулах хүсэлт, 12 нь хянагдаж байна.
- Нийт ирүүлсэн тендерийн гомдлын 27 хувийг уул уурхайн салбар, 14 орчим хувийг эрүүл мэндийн салбар, 18 хувийг барилгын салбар эзэлж байна. Уул уурхайн салбарт холбогдох 47, эрүүл мэндийн салбарт буюу эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендертэй холбоотой 25, барилга, дэд бүтэцтэй холбогдох 32, даатгалын үйлчилгээ үзүүлэгч сонгон шалгаруулах тендертэй холбоотой 18 гомдол ирүүлсэн байна.
- Ирүүлсэн гомдлыг захиалагчаар ангилж үзвэл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан тендертэй холбоотой 30 гомдол ирүүлснээс 14 нь хууль зөрчсөн, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас зарласан тендертэй холбоотой 11 гомдол ирүүлснээс 5 нь хууль зөрчсөн, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс зарласан 8 тендертэй холбоотой гомдол ирүүлснээс 6 нь хууль зөрсөн байна. Бусад нь “Монголросцветмет” ТӨҮГ, “Шивээ-Овоо” ХК, Иргэний нисэхийн ерөнхий газар, Улсын нэгдүгээр төв эмнэлэг зэрэг газруудтай холбоотой байна.
№ | Шийдвэрлэсэн байдал | 2019 он | 2020 он | 2021.06.30 |
1 | Хууль зөрчсөн | 100 | 71 | 69 |
2 | Бүхэлд нь хүчингүй болгосон | - | - | 9 |
3 | Хууль зөрчөөгүй | 73 | 15 | 4 |
4 | Тендерт оролцогч биш | 5 | 8 | 17 |
5 | Гомдол гаргах хугацаа хэтэрсэн | 21 | 30 | 36 |
6 | Тендерийн нээлт хийгдсэн | 13 | 13 | 11 |
7 | Гомдлоо буцаан татсан | 4 | 5 | 1 |
8 | Гомдлоо дахин гаргасан | 2 | 4 | 6 |
9 | ОУ-ын гэрээгээр хийгдэж байгаа худалдан авалттай холбоотой гомдол | 8 | 4 | |
10 | Түдгэлзүүлэн хянаж байгаа | - | - | 12 |
11 | Хугацаа сунгуулах хүсэлт | - | - | 7 |
Нийт гомдлын тоо | 218 | 154 | 176 |
2. ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ТАНИЛЦУУЛГА
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын талаас /Монгол Улсаас авто тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй/ 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс тээврийн хөдөлгөөнийг хааж, 4 дүгээр сарын 07-ны өдрөөс БНХАУ-ын талаас Монгол Улсаас өдөрт 20 тээврийн хэрэгсэл, 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 50 тээврийн хэрэгсэл, 4 дүгээр 15-ны өдрөөс 100 тээврийн хэрэгсэл хүлээн авч байгааг улс хоорондын ачаа тээвэр эрхэлж буй аж ахуй эрхлэгч, хувь жолооч нар урвуугаар ашиглаж импортын бараа бүтээгдэхүүний ачаа тээврийн үнийн хөөрөгдөл үүсгэсэн бөгөөд ачаа тээврийн үнийн хөөрөгдөлөөс болж нарийн ногооны хангамж, нийлүүлэлт багасаж, үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүссэн бөгөөд нарийн ногооны үнэ дунджаар 1 кг тутамд 22.2 хувиар өссөн.
Импортын бараа бүтээгдэхүүн болох хүнсний ногоо /нарийн ногоо/, жимс жимсгэнийг БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хотын чиглэлд 20,000,000-30,000,0000 төгрөгөөр тээвэрлэсэн иргэн, аж ахуй эрхлэгчдийн үйлдэлд холбогдуулан 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тээвэр гүйцэтгэсэн 9 иргэн, 1 аж ахуй эрхлэгчдэд нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-т “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасныг зөрчсөн нь баримтаар тогтоогдсон тул 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр тээвэр гүйцэтгэсэн 9 иргэн, 1 аж эрхлэгчдийг Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасны дагуу нийт хууль бус орлого болох 243,000,000 төгрөгийг хурааж, 38,000,000 төгрөгийн торгуулийг оногдуулах шийдвэрийг гаргасан.
3. ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛД БУЮУ ҮНЭТ ЦААСНЫ ТӨВЛӨРСӨН ХАДГАЛАМЖИЙН ТӨВД ХИЙГДСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТ
Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 41/01-11 дүгээр хамтарсан тушаалаар баталсан удирдамжийн дагуу “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК /”ҮЦТТТХТ” ХХК/-ийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай, Компанийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтийг хангаж байгаа эсэхэд дүгнэлт өгч, үүрэг даалгавар, заавар, зөвлөмж өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах зорилго бүхий хамтарсан хяналт шалгалтыг 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэлээ.
Хяналт шалгалтын танилцуулга, дүгнэлтийг ажлын хэсгийн бүрэлдэхүүн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д танилцуулав.
Хяналт шалгалтын хүрээнд хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр дамжуулан харилцагчийн дансны тоо, эзэмшиж буй хувьцааны тоо, үнэт цаас худалдсан мөнгийг түүний төвлөрсөн хадгаламж дахь данснаас гаргуулах олгохтой холбогдох баримт бичгийн байдал, санхүүгийн холбогдох баримтуудад болон тус компаниас шалгалтын ажлын хэсэгт гаргаж өгсөн бусад баримт бичигт тулгуурлан шалгалтыг хийж гүйцэтгэлээ.
Шалгалтын үед илэрсэн зөрчлийг арилгуулах дараах зөвлөмжийг өгөв.
1. ХОЭБ-ээр дамжуулан иргэдийн эзэмшсэн хувьцааны ногдол хувь, ногдол ашгийн мөнгийг тус тусад нь бүртгэл хөтөлдөг болох,
2. Харилцагчийн буюу төлбөр тооцооны мөнгөн үлдэгдэлд банкны хүү тооцож буй орлогыг ҮЦТХТ-ийн 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 7 дугаар тогтоолын 12 дугаар хавсралтаар баталсан “Харилцагчдын харилцах дансны үлдэгдэлд тооцсон хүүгийн орлогыг зарцуулах, тайлагнах журам”-д заасны дагуу холбогдох шийдвэрийн дагуу захиран зарцуулж байх,
3. Хувьцаат компаниудын ногдол ашгийн хуримтлагдсан үлдэгдэл, хэлбэрээ өөрчилсөн хувьцаат компаниудын ногдол хувийн мөнгийг тус тусад нь байршуулж, холбогдох тооцооллыг хийхтэй холбоотой программд холбогдох өөрчлөлтийг оруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх,
4. Харилцагчдын ногдол ашиг, ногдол хувь, хувьцаа борлуулсны мөнгийг хөрөнгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй 53 үнэт цаасны компани харилцагчтайгаа нүүр тулж ажиллан, ҮЦТХТ-тэй гурвалсан гэрээг байгуулах ажлыг эрчимжүүлэх,
5. 5.1996-1999 онуудад Төв Ази, Монгол даатгал, Ард, Национал коммерц, Монгол бизнес, Монгол бизнес банкны 102-р салбар зэрэг банкууд дампуурахад тэдгээр банкуудад байршиж байсан үнэт цаасны зах зээлд оролцогч 77,628 харилцагчийн 730,351,767.61 төгрөгийн хувьцааны мөнгө, “Монголын хөрөнгийн бирж” ХК-аар дамжуулан тараалгахаар гэрээ байгуулсан хувьцаат компаниудын ногдол ашиг, ногдол хувийн тараагдаагүй үлдэгдэл болох 149,945 харилцагчийн 305,482,197.79 төгрөг, нийт 227,573 харилцагчийн 1,035,833,965.4 төгрөг эрсдэлд орсон байна. Уг эрсдэлд орсон мөнгийг барагдуулах талаар Засгийн газар, Төрийн өмчийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо болон Сангийн яамнаас шат дараалсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсний үр дүнд нийт 905,141,386 төгрөг шийдвэрлэгдэж, өнөөдрийн байдлаар эрсдэлд орсон дээрх хөрөнгөөс 130,692,579.40 төгрөг шийдвэрлэгдээгүй үлдэгдлийг ТУЗ-өөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх юм.
Мөн “ҮЦТТТХТ” ХХК-иас “1991 - 2003” оны мөнгөн хөрөнгийн гүйлгээтэй холбоотой архивын баримт нь Монголын хөрөнгийн биржид байдаг манай компаниас гарах боломжгүй юм. Түүнчлэн 2003-2012 оны мөнгөн хөрөнгийн гүйлгээтэй холбоотой мэдээлэл нь мөнгөн хөрөнгийн төлбөр тооцоог гүйцэтгэхэд төлбөр тооцооны болон санхүүгийн программ ашигладаггүй байсан тул мэдээллүүдийг архивын баримтаас шүүлт хийхэд цаг хугацаа шаардана” шалтгаанаар программ ашиглаж эхэлснээс хойших буюу 2013 оны 1 сарын 1-ний өдрөөс 2021 оны 12 сарын 31-ны өдрийг хүртэлх хугацааны мэдээллийг ажлын хэсэгт өгсөн байна.
Иймд ЦЕГ-т 1991 – 2003 оны мөнгөн хөрөнгийн гүйлгээ /хувьцаа борлуулсны орлого, хувьцаа худалдан авахаар төвлөрүүлсэн мөнгө, ногдол ашиг, ногдол хувийн мөнгө г.м/ , 2003 – 2012 оны мөнгөн хөрөнгийн гүйлгээ /хувьцаа борлуулсны орлого, хувьцаа худалдан авахаар төвлөрүүлсэн мөнгө, ногдол ашиг , ногдол хувийн мөнгө г.м/-тэй холбоотой мэдээлэл авахаар албан бичиг хүргүүлсэн байна.
4. ХАЯГ ШОШГО
Бараа бүтээгдэхүүн импортлогчид, дотоодын үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн худалдан борлуулж буй бараа бүтээгдэхүүний сав, баглаа, боодол шошгод Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Зар сурталгааны тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Органик хүнсний тухай, Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хуулиуд болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалган тогтоох, зөрчлийг арилгуулж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллах зорилгоор хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэлээ.
Хяналт шалгалтад Хан-уул дүүрэгт байрлах “Жетро холдинг” ХХК-ийн Жетро супермаркет, “Номин тав трейд” ХХК-ийн Номин хайпермаркет, “Наран евро жи” ХХК-ийн лангуу, “Үлэмж гросерс” ХХК-ийн Good price супермаркет, “Хан бүргэдэй” ХХК, “Ворлд органик фүүдс” ХХК-ийн Органик дэлгүүр, “Мон сунт” ХХК-ийн “105” хүнсний дэлгүүр, “Амсэсо” ХХК-ийн Цасхан хүнсний дэлгүүр, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаад байрлах Төгс хүнсний дэлгүүр, Баянгол дүүрэгт байрлах “Алтан халбага” ХХК-ийн Хану европ жимсний дэлгүүр, Сүхбаатар дүүрэгт байрлах “Моннидер” ХХК-ийн Оргил-6 салбар, “Тэнгэр групп” ХХК-ийн “Тэнгэр плаза” худалдааны төв, “Нандин зам тур” ХХК-ийн Герман хүнсний дэлгүүр, “Надона” ХХК-ийн Микс Март супермаркет, “Скай хайпермаркет” ХХК-ийн “Имарт” хайпермаркет, “Монкор карго” ХХК-ийн Кореа вэлл март, түргэн үйлчилгээний цэг тус тус хамрагдлаа.
Хяналт шалгалтын үр дүнд:
1. Зөрчил бүхий дотоодын үйлдвэрлэл эрхлэгч, сүлжээ дэлгүүрүүд, импортлогч аж ахуйн нэгжүүдэд хүнсний бүтээгдэхүүний сав баглаа, боодлын шошгололтыг холбогдох хууль тогтоомж, стандартад нийцүүлж ажиллах талаар зөрчил арилгуулах албан бичгийг хүргүүлж, зөрчлийг таслан зогсоож байна;
2. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бусад томоохон супермаркетуудад тус хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг гаргахгүй байх талаар зөвлөмжийг хүргүүллээ.
ЗӨГИЙН БАЛНЫ ШАЛГАЛТ : - Иргэд, хэрэглэгчдээс ирүүлсэн “Хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид нь зөгийн балны амт, үнэр оруулагчтай, үйлдвэрийн аргаар боловсруулсан хиймэл бүтээгдэхүүнийг “Зөгийн бал” нэртэйгээр үйлдвэрлэж, зах зээлд худалдан борлуулж байна.” гэх гомдол, хүсэлтийг үндэслэн агентлагийн даргын 2021 оны 05 сарын 24-ний өдрийн 01/28 тоот удирдамжийн дагуу “ГБТ трейдинг” /Газар шим/, “Баясах фүүдс” /Багро/, “Дөрвөн өлзий” /Видан/ ХХК-иудын үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль, журам, стандартад нийцэж байгаа эсэхэд 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 6 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд хяналт шалгалт хийсэн.
Хүнсний үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчид нь үйлдвэрийн аргаар боловсруулсан хиймэл бүтээгдэхүүнийг “Зөгийн бал” нэртэйгээр дотоодын зах зээлд нийлүүлж, худалдан борлуулж буй үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, журам стандартад нийцэж байгаа эсэхийг шалгах, дүгнэлт гаргах, зөрчлийг арилгуулах, хариуцлага тооцох, хуулийн хэрэгжилтийг хангуулахуулахаар “ГБТ трейдинг” /Газар шим/, “Баясах фүүдс” /Багро/, “Дөрвөн өлзий” /Видан/ ХХК-иудын үйл ажиллагаанд илэрсэн зөрчилд хялбаршуулсан журмаар Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 сая төгрөгийн торгуулийг ААН тус бүрт оногдуулсан.
Дээрх байгууллагууд зөрчил илэрсэн бүтээгдэхүүнүүдээ худалдаалалтаас татан авч үйлдвэрийн аргаар боловсруулсан зөгийн балыг ХИЙМЭЛ ЗӨГИЙН БАЛ нэртэйгээр дахин худалдаанд гаргах юм. Уг зөрчлийг арилгаж Газар шим ХХК өөрийн бүтээгдэхүүнийг ХИЙМЭЛ ЗӨГИЙН БАЛ нэртэйгээр худалдаанд гаргаж эхэлсэн байна.
5. ХҮЧИТ ШОНХОР ЗАХЫН ЭРҮҮЛ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ШАЛГАЛТ
Хүчит шонхор” худалдааны төвийн мах зөөвөрлөх, худалдаалах, үйлчлэх үйл ажиллагаа нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, Мах махан бүтээгдэхүүний эрүүл ахуй, аюулгүй байдлын үндсэн шаардлага MNS 5023:2001 стандартыг хангаж байгаа эсэхийг шалган тогтоох, зөрчлийг арилгуулж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллах зорилгоор хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэлээ.
Хяналт шалгалтаар дараах дүгнэлтийг гаргаж ажиллалаа. Үүнд:
1.“Нян судлал, эд зүйлсийн гадаргуугаас арчдас авч шинжилгээ хийх тухай” MNS 6410:2018 стандартын дагуу авсан 80 арчдасны шинжилгээгээр 62 арчдасны дээжид 2 төрлийн нян 50 см2-д Enterbacter spp, Esherichia coli илэрсэн. Бусад 18 арчдасны дээжид нян илрээгүй;
2.”Хүчит шонхор” худалдааны төв нь холбогдох хууль, стандарт, болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/179 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт “Хүнсний худалдааны газар мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм”-ийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаагүй зэрэг болно.
Иймд ил задгай махны худалдаалалтыг хориглох асуудлаар Нийслэлийн Засаг даргад санал хүргүүлж, холбогдох арга хэмжээг авч ажиллалаа.
6. ЭМИЙН САНГИЙН ШАЛГАЛТ
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 01/30 дугаартай “Эмийн бүтээгдэхүүний үнэ, нөөц, хангамжийн байдалд хяналт шалгалт хийх тухай” хяналт шалгалтын удирдамжийн хүрээнд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газартай хамтран Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа “Монос фарм трейд” ХХК, “Дакал фарм”, “Энто” ХХК , “Монос Улаанбаатар” ХХК, “Ач Үр” ХХК,” Мөнхийн тун” ХХК зэрэг эм ханган нийлүүлэх байгууллагууд болон эмийн сангуудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж ажиллалаа.
Хяналт шалгалтаар дараах нөхцөл байдал тогтоогдсон. Үүнд:
Умифеновир эмийн талаар: Эрүүл мэндийн сайдын холбогдох тушаалаар нэг удаагийн импортын зөвшөөрлөөр нэр бүхий 14 компани арбидол эмийг Монгол улсын зах зээлд ковид-19 цар тахалтай холбоотойгоор нийлүүлж байна.
Умифеновир эмийн нөөцийн талаар: “Монос фарм трейд”-ийн нөөцийн төв агуулахаас авсан баримтаар эмийн нөөц 3816 хайрцаг. “Ач Үр” ХХК-д 18900 хайрцаг, “Мөнхийн тун” ХХК-д 776 хайрцаг байна.
Умифеновир эмийн үнийн талаар: “Ач Үр” ХХК нь Арбивир 200 мг№10 капсултайг 23400 төгрөгөөр эмийн сангуудад нийлүүлдэг бөгөөд өөрийн эмийн сангаар 29000 төгрөгөөр худалдаалж байна. “Мөнхийн тун” ХХК Арбивир 200 мг №10 тайг өөрийн 13 эмийн сангаар 32000 төгрөгөөр худалдаалж байгаа бөгөөд бусад эмийн санд нийлүүлээгүй байна.
“Монос фарм трейд” ХХК нь Арбидол 100 мг №20 капсултай эмийг “Монос Улаанбаатар” ХХК-ийн эмийн сангуудад 27720 төгрөг, бусад эмийн санд 31500 төгрөгөөр тус тус нийлүүлж байна. Тухайн эмийн сангууд нь 38000-43000 төгрөгийн хооронд худалдаалж байгаа нь тогтоогдсон.
Бусад: Амоксиклав 625 мг, Цайр 20 мг, Витамин Д3-4000 тай, Витамин С 1000 тай, Виферон лааны хувьд хил, гаальтай холбоотойгоор тээврийн зардлаас хамаарч үнэ хэлбэлзэж, зарим үед тасарч байгаагаас өөрөөр үнэ хэвийн байна.
Хяналт шалгалтын үр дүнд:
1. Умифеновир 2020 он, 2021 оноос худалдаалагдаж эхэлсэн бөгөөд 6000 төгрөгөөр худалдан борлуулагдаж байгаагүй нь тогтоогдсон. Иймд иргэд, хэрэглэгчдэд үнэн зөв, бодит үнийн мэдээллээр хангах арга хэмжээг авлаа.
2 Умифеновир эмийг зах зээлд нийлүүлж, худалдан борлуулах боломжтой доод үнэ, дээд үнийн саналыг тус эмийг импортлогч, эм ханган нийлүүлэх байгууллагуудаас авч, Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас хэрэгжүүлэн ажиллаж байна.
3. Монгол Улсын Шадар сайд болон Эрүүл мэндийн сайдад Ковид-19 цар тахлын үед эмчилгээнд шаардлагатай зарим эмийг улсын бүртгэлд бүртгэж, эрүүл мэндийн даатгалаар худалдаалах эмийн жагсаалтад оруулах тухай санал хүргүүлж, одоогийн байдлаар эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.
7. ШАТАХУУНЫ ШАЛГАЛТ
Хэрэглэгчийн гомдлын дагуу Петростар компанийн агуулах, жижиглэнгээр худалдан борлуулж буй АИ98 автобензины чанарт хяналт шалгалт хийгдсэн. Шалгалтаар ШТС-ын дээжээс механик хольц илэрсэн, стандартын шаардлага хангаагүй дүгнэлтийг МХЕГ-аас гарлаа. Түүнчлэн хэрэглэгчийн гомдолтой холбогдуулан Агентлагийн даргын удирдамжтай хяналт шалгалтыг газрын тосны бүтээгдэхүүнийг импортлогч, жижиглэн худалдаагаар худалдан борлуулж буй аж ахуй эрхлэгчдийн хүрээнд зохион байгуулж байна.
Мөн ШТС-аас механик хольц илэрсэн нь автобензины савны цэвэрлэгээ үйлчилгээ муу байгаатай холбоотой байх ба хэрэглэгчдийн хувьд машины хөдөлгүүрт нөлөөлдөг.
8. ЛИФТНИЙ ЧАНАР СТАНДАРТЫН АСУУДЛААР
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Монголын сууц өмчлөгчдийн эрх ашгийг хамгаалах “Нийтийн аж ахуйн хөгжил” сан болон мэргэжлийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан ажлын хэсэг байгуулж цахилгаан шатны чанар, стандартын хэрэгжилтийг хангуулах талаар ажиллалаа.
Ажлын хэсгийн зүгээс Засгийн газрын 2018 оны 291 дүгээр тогтоолын хэрэгжилт хангалтгүй байгаатай холбогдуулан нийтийн эзэмшлийн орон сууцанд чанар, аюулгүй байдлыг хангаагүй цахилгаан шатыг суурилуулж иргэдийн амь нас, аюулгүй байдалд эрсдэл учирч байна гэж үзсэн.
Иймд Барилга, Хот байгуулалтын яам, Гаалийн ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газарт хууль журмын хэрэгжилтийг хангуулах талаар дараах чиглэлийн саналыг хүргүүлэн ажиллаж байна. Үүнд:
- Тохирлын баталгаанд заавал хамруулсан цахилгаан шат /лифт/-ыг улсын хилээр нэвтрүүлэх;
- Цахилгаан шатыг экспортлогч орны эрх бүхий баталгаажуулалтын байгууллагаас олгосон цахилгаан шатны туршилт сорилтын дүнг үндэслэн Монгол улсын Стандарт хэмжилзүйн байгууллагаас авсан чанарын тохирлын гэрчилгээ буюу аюулгүй ажиллагааны баталгаажилтыг үндэслэн Монгол улсын хилээр нэвтрүүлдэг байх;
- Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зэргийг үндэслэн цахилгаан шат / лифт/ нь 25 жилийн эдэлгээний хугацаатай , эрчим хүчний хэмнэлттэй байх гэсэн шаардлагыг хангуулах;
- Улсын хилээр орж ирж байгаа цахилгаан шатны мэдээллийг нийгмийн хариуцлагын хүрээнд ил тод болгож, Цахим төлбөрийн баримтын системээр дамжуулан иргэд, хэрэглэгчийн мэдэх эрхийг хангах зэрэг болно.