Орхон аймгийн ЗДТГ-ын санаачилгаар ШӨХТГ хамтран "ШИЛЭН СӨХ" үйл ажиллагааг Орхон аймагт нэвтрүүлэх уулзалт, хэлэлцүүлгийг 10-р сарын 24-ны өдөр Эрдэнэт хотноо амжилттай зохион байгууллаа.
ШӨХТГ-ын хувьд “Монгол Улсад тулгамдаж буй 76 асуудал” хөтөлбөрийг УИХ, ЗГ-тай хамтран шийдвэрлэж ажиллахаар болсон. Хөтөлбөрийн хүрээнд ШӨХТГ-т иргэдээс ирж буй гомдлын нэлээд хувийг СӨХ-той холбоотой асуудлууд эзэлж байгаа бөгөөд энэхүү асуудлыг шийдвэрлэх хамгийн зөв зам нь технологийн дэвшил юм. Технологийн компаниудын санал болгож буй аппликейшнийг иргэд маань судалж сонгон асуудлаа хамтран шийдвэрлэх нь чухал байна.
“ШИЛЭН СӨХ” уулзалт, хэлэлцүүлгийн зорилго нь иргэдийн СӨХ-ийн үйлчилгээний төлбөр хаана, юунд зарцуулагддаг, СӨХ ямар үйл ажиллагаа эрхэлдэг, оршин суугчид гомдлоо хэрхэн өгөх вэ зэрэг олон асуудлыг нэг дор шийдвэрлэх боломжтой юм.
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Монголын Сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөл, ЮБИ КАБ, Скайпрофешнл Солюшн, Новелсофт зэрэг компаниудтай хамтран ажиллаж нийгмийн хариуцлагын хүрээнд өөр өөрсдийн онцлогтой “ШИЛЭН СӨХ” аппликейшныг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлж байна.
Энэхүү хэлэлцүүлгийн үеэр компаниуд “ШИЛЭН СӨХ" аппликейшнийг үйлчилгээндээ ашиглахыг хүссэн аль ч СӨХ-д үнэ төлбөргүй, хугацаагүйгээр ашиглах эрхтэй тухай онцгойлон дурдлаа. Иймд СӨХ, оршин суугчдын хоорондын итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлж, талуудын оролцоог идэвхжүүлж ил тод нээлттэй байх нь хамгийн чухал юм.