Улаанбаатар хотод албан ёсны бүртгэлтэй 11 компанийн 512 такси үйлчилгээнд явж байна. Үүний 200 орчим нь иргэдэд үйлчилгээ үзүүлдэг ба 2500 хүн тутамд албан ёсны бүртгэлтэй 1 такси ногддог. “Такси үйлчилгээ” MNS-5122:2013 стандартыг мөрддөг 4000-6000 ширхэг албан ёсны такси үйлчилж байж нийслэлийн иргэдийн эрэлт хэрэгцээг бүрэн хангана гэсэн судалгаа байдаг. Харин бүртгэлтэй такси хангалтгүйн улмаас хувь хүмүүс ямар ч бүртгэлгүй, стандартгүйгээр такси үйлчилгээний ажлыг эрхлэх болжээ. Энэ нь эргээд эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчин, хариуцлага нэхэх эзэнгүй нөхцөл байдал зэргээр хэрэглэгчийн эрхийг ноцтой зөрчих үндэс болоод байна.
Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар такси үйлчилгээний стандартыг “Монгол Улсад тулгамдсан 76 асуудал”-ын нэгээр нэрлэж, шинэчлэл хийхээр ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд хувиараа такси үйлчилгээ эрхэлж байгаа иргэдийг бүртгэлжүүлэх, “Замын унаа үйлчилгээ”-ний стандарттай болох, такси үйлчилгээнд төлбөрийн баримт өгдөг болгох, технологийн дэвшилтэд GPS төлбөр тооцооны ухаалаг системд суурилсан тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх, таксометрээр тоноглогдсон таксийг үйлчилгээнд явуулах, такси үйлчилгээний ерөнхий шаардлага MNS5122:2013 стандартад өөрчлөлт оруулах, Автотээврийн тухай хууль болон холбогдох дүрэм журамд өөрчлөлт оруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхэд тээвэрлэхэд зориулагдсан хамгаалалтын бэхэлгээ, суудлаар тоноглогдсон таксинд төрөөс дэмжлэг үзүүлэх гэх мэт такси үйлчилгээтэй холбоотой олон шинэчлэлийг хийхээр төлөвлөөд байна.