ШӨХТГ-ын улсын байцаагчаас орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Баян-Өлгий аймагт нэр дэвшигчид нь сонгуулийн сурталчилгааг төрийн албан ёсны хэлээр явуулаагүй учир зөрчил гэж үзэн энэхүү зөрчлийг арилгуулах албан шаардлагыг 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Баян-өлгий аймгийн Монгол ардын намын болон Ардчилсан намын дарга нарт хүргүүлсэн болно.
Нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаа нь төрийн албан ёсны үйл ажиллагааны нэг хэсэг болно.
Нэр дэвшигч тухайн нам, эвсэлээс болон бие даан нэр дэвшиж тухайн шатны сонгуулийн байгууллагад бүртгүүлж нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авсанаар энэхүү төрийн үйл ажиллагааны харилцааны нэг субьект болдог.
Нэр дэвшигчийн сурталчилгааны арга хэлбэр, хэмжээ, хязгаарыг хууль тогтоомжоор нарийвчлан зохицуулсан учир энэ үйл ажилдлагаа нь төрийн албан хэрэг хөтлөлтийн ангилалд ч орох ёстой. Эдгээр нөхцөл байдал нь дараах хуулийн заалтуудаар зохицуулагдсан байна. Үүнд:
Монгол Улсын Үндсэн хуулийн Наймдугаар зүйлийн 1-т “Монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн.” гэж, Тавин есдүгээр зүйлийн 3-т “Аймаг нийслэлийн Төлөөлөгчдийн Хурлыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно. Эдгээр Хурлын болон сум, дүүргийн Хурлын төлөөлөгчдийн тоо, сонгох журмыг хуулиар тогтооно.” гэж,
Монгол хэлний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т“Монгол Улсын нутаг дэвсгэрт дараах үйл ажиллагаа, албан хэргийг монгол хэлээр хөтлөн явуулна:”
6.1.1-т “төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагаа, албан хэрэг хөтлөлт;”... гэж,
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “нэр дэвшигч” гэж 18 нас хүрсэн, энэ хуульд заасан журмын дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын иргэнийг;” гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т “Сонгууль зохион байгуулах төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, түүний албан тушаалтан, нэр дэвшигч, сонгуульд оролцогч нам, эвсэл, бусад байгууллага, түүний албан тушаалтан сонгууль зохион байгуулах, түүнд оролцохдоо дараах зарчмыг баримтална:”
7.4.1-т “хууль дээдлэх;” Монгол хэлний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Монгол Улсын иргэн дараах журамт үүргийг хүлээнэ:”
20.2.1-т “монгол хэлний хэм хэмжээг дагаж мөрдөх;”гэж тус тус заасан байна.
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР