Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын удирдлагууд “И-март” худалдааны төвийн төлөөллүүдтэй “Өглөөний цай” уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын эхэнд ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлд онцгой анхаарал хандуулж байгаа энэ цаг үед ажилчдынхаа цалингийн санг бууруулалгүй, ажлын байраа тогтмол хадгалж байгаа тус байгууллагынханд талархал илэрхийлсэн бол “И-март” худалдааны төв зарагдсан барааг буцаах сервис үйлчилгээг нэвтрүүлэн ажилладаг талаар тус байгууллагын гүйцэтгэх захирал Л.Жавзмаа ярилаа.
Цаашид зах зээлд өрсөлдөж байгаа худалдаа, үйлчилгээний салбарынхан холбогдох хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулахын зэрэгцээ салбарын холбогдох хуулиа сайтар судлах хэрэгтэйг уулзалтад оролцогчид онцолж байсан юм. Мөн Засгийн газраас өгч байгаа чиглэлийн дагуу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар албан байгууллагуудад аль болох зөвлөн туслах чиглэлээр хамтран ажиллаж, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг улам боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага байгаа талаар санал солилцлоо.