Жил бүрийн намар Нийслэлчүүдийн өмнө тулгамддаг авто замын түгжрэл, зөвшөөрөлгүй баригдсан барилга байгууламж, явган хүний гарц, орцыг сайжруулах чиглэлээр ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ Нийслэлийн холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзаж, санал солилцлоо. Статистик мэдээллээр Улаанбаатар хотын хэмжээнд 602 мянган авто машин бүртгэлтэй байдаг. Хувьдаа машинтай хүмүүсийн тоо жил ирэх тусам нэмэгдэж, нийтийн тээврийн хүрэлцээ муу, хувиараа такси үйлчилгээ эрхлэгчид олширч байгаа зэрэг олон шалтгааны улмаас хотын төвийн нэгдүгээр бүсэд түгжрэл үүсэх шалтгаан бий болж байна. Ийм учраас явган хүний зам, дугуйн замыг нэмэгдүүлэх наад захын шаардлага хэрэгцээ байгаа бол өдрийн гол ачааллын цагаар цагдаа нар нэгдүгээр эгнээнд машин зогсоож торгодог байдал, урсгал сөрж түгжрэл үүсгэж байгаа жолооч нарт хариуцлага тооцоод өнгөрөх бус авто машиныг нь ч бас тодорхой хугацаагаар журамлах, барилгын материал зөөдөг том оврын машиныг тодорхой цагийн хязгаарлалттайгаар замын хөдөлгөөнд оролцуулах зэрэг асуудал хөндөгдлөө. Мөн түгжрэлийг шийдэхийн тулд дэлхийн жишгээр олон давхар граж төлөвлөж барих шаардлага ч бий болж байгааг уулзалтын үеэр зарим албаныхан онцолж байлаа. Уулзалтад оролцсон Нийслэлийн газрын албаны дарга А.Энхманлай ярихдаа газар чөлөөлөх ажил эрчимжиж, 2020 он гарснаас хойш Нийслэлийн хэмжээнд хууль зөрчиж баригдсан 400 орчим объектыг чөлөөлөх ажил хийгдсэн талаар мэдээллээ. Гэсэн ч газар чөлөөлөлт хийгдэж байгаа ч эргээд явган хүний зам болгон тохижуулах асуудал эдийн засгийн шалтгаанаас болж удаашралтай байгааг учирлаж байсан юм. Энэ мэт байдлаар Нийслэлийн иргэдийн өмнө тулгамдсан асуудал олон байгаа учраас хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлд Нийслэлийн харьяаны байгууллагууд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газартай уялдаа холбоотой хамтран ажиллаж, ойрын хугацаанд газар чөлөөлөхтэй холбоотой зарим хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох тал дээр хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо.