Баян-Өлгий аймгийн “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах орон тооны бус салбар зөвлөлөөс “Ахмад настан – хэрэглэгч” аяны хүрээнд хийгдсэн ажлын тайлан, мэдээллийг ирүүллээ.
Тайлангаас товчлон танилцуулахад тус аймгийн орон тооны бус салбар зөвлөлөөс Ахмадын өдрийг тохиолдуулан “Ахмад настан- хэрэглэгч” сарын аяныг зохион байгуулах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын 2019 оны А/666 дугаар захирамжаар байгуулан хөтөлбөр гарган ажиллав. Хөтөлбөрийн хүрээнд аймгийн Ахмадын хороо, Хүний эрхийн үндэсний комиссын аймаг дахь төлөөлөл, Эрүүл мэндийн газар, ХХҮГазар болон Алтай, Дэлүүн, Баяннуур сумдын ахмадын хороотой хамтран “Ахмадын эрхийг хамгаалья” сэдвээр сургалтыг зохион байгуулж ажиллажээ.
Мөн ахмадад зориулсан эрүүл мэндийн үзлэгийг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр “Ахмад настны эрүүл мэндийг дэмжих” сэдвээр тус аймгийн спорт цогцолборт зохион байгуулж 259 ахмад настанг хамруулан эмчийн үзлэг, мэдээлэл сургалт сурталчилгаа хийжээ.
Түүнчлэн тус аймагт нүүрсний үнэ нэмэгдэж иргэдийн гарт очих нэг тонн нүүрс 90-100 мянган төгрөгт хүрсэн тул орон тооны бус салбар зөвлөлийн гишүүд нүүрс олборлон борлуулагч компанийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж нүүрсний үнийг тонн тутам 75 мянган төгрөгөөр баталгаажуулсан жингээр буруулан борлуулахаар тохиролцоонд хүрсэн байна.
Мөн Орон тооны бус зөвлөлийн гишүүд тус компанийн үйл ажиллагаа болон нүүрсийг тохирлын үнэлгээнд хамруулах, шалгалт баталгаажуулалт хийх, мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх зорилгоор уурхайд хоёр өдөр газар дээр нь ажиллажээ.
Утас: 1800-1284
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР