Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Хариуцлагатай хэрэглээ-Хэрэглэгчийн эрх”-ийн жил болгон зарласантай холбогдуулан баруун бүсийн аймгуудын орон тооны бус зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор улсын байцаагчдыг чадавхижуулах сургалт болж өнгөрлөө.
Баруун бүсийн сургалтыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Орон тооны гишүүн Н.Бямбадоржоор ахлуулсан ажлын хэсэг зохион байгуулж 2019 оны 10 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд Завхан аймагт ажилласан юм.
Баруун бүсийн сургалтад Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд аймгуудын нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллагуудын удирдлага, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэг бүхий салбар зөвлөл, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орон тооны бус улсын байцаагчид болон холбогдох байгууллагын төлөөллүүд хамрагдав.
Ажлын хэсэг сургалтаар Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт болон холбогдох бусад хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгөхийн хамт орон нутгийн орон тооны бус улсын байцаагчдын холбогдох хуулиудын хэрэгжилтийн талаарх тайлан, мэдээллийг сонсож арга зүйн зөвлөмжөөр хангалаа.
Түүнчлэн ажлын хэсэг Завхан аймгийн төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллагын удирдлагуудад агентлагийн хэрэгжүүлж буй хуулиудын танилцуулгыг хийж харилцан саналаа солилцов.
Утас: 1800-1284
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР