Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын баталсан 1/24 дугаартай удирдамжийн дагуу “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийлээ.
Хяналт шалгалтаар дараахь нөхцөл байдал тогтоогдсон. Үүнд:
1. “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ” байгуулсан аж ахуй эрхлэгчдийн зөрчлийг тухай бүр бүртгэн авч байгаа хэдий ч гэрээний үүргийн биелэлтийг дүгнэхгүй байгаа нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Хэрэглэгч эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, техникийн нөхцөл, барилгын болон эрүүл ахуй, ариун цэврийн норм, фармакопей, жор, түүнчлэн хууль тогтоомж, гэрээгээр тодорхойлсон зохих чанар, тоо хэмжээ, аюулгүйн шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхтэй” гэж заасныг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
2. “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь захирлын тушаалаар ажлын хэсэг гарган аж ахуй эрхлэгчидтэй хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулах, цуцлах асуудлыг шийдвэрлэж байгаа нь олон нийтэд нээлттэй ил, тод бус байна. Мөн тухайн ажлын хэсгийн шийдвэр нь аль нэг аж ахуй эрхлэгчид давуу олгосон, тус зах зээлд үйл ажиллагаа явуулах сонирхолтой аж ахуй эрхлэгчийг зах зээлд нэвтрэхэд хязгаарласан үйлдэл бий болж болзошгүй байна.
21 аймгийн нийт 67 чиглэлд 61 аж ахуй эрхлэгчид хот хоорондын нийтийн тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлж байх бөгөөд үүний 44 аж ахуй эрхлэгч 1 чиглэлд, 7 аж ахуй эрхлэгч нь 2 чиглэлд, 3 болон түүнээс дээш чиглэлд 10 аж ахуй эрхлэгч хот хоорондын нийтийн тээвэрлэлт гүйцэтгэж байгаа нь зах зээлийг нутаг дэвсгэр, үйлчлүүлэгчийн чиглэлээр хуваарилахад чиглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хяналт шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдлыг шуурхай шийдвэрлэж, холбогдох арга хэмжээг авч ажиллах талаар:
1. Зам, тээврийн хөгжлийн яаманд 1/1522 дугаартай албан бичгээр зөвлөмж;
2. “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т 5/28 Улсын байцаагчийн хугацаатай албан шаардлагыг тус тус хүргүүлэн, хяналт тавин ажиллаж байна.
ӨРСӨЛДӨӨНИЙ БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР