Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Нийслэлийн 'Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр'-ийг зохион байгуулах, хяналт тавих орон тооны бус салбар зөвлөлтэй хамтран нийслэлийн ахмад настнуудад 'Ахмад настан -хэрэглэгч' аяныг дүгнэх ажлын хүрээнд 10 дугаар сарын 04-ний өдөр сургалт зохион байгуулав.
Сургалтыг ШӨХТГ-ын Орон тооны гишүүн Н.Бямбадорж нээж үг хэллээ.
Сургалтын хөтөлбөрийн дагуу Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам "Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үйл ажиллагаа, ахмад настан хэрэглэгчийн эрх" сэдвээр хүрэлцэн ирсэн ахмад настнууддаа мэдээлэл өгөв. Мөн нийслэлийн Нийгмийн халамжийн газар, Хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийгмийн даатгалын газар болон Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн ахмадын эмнэлгээс ахмад настнууддаа холбогдох хууль тогтоомж, эрүүл зөв амьдрах сэдвээр, Нийслэлийн Ахмадын хорооноос тус тус мэдээлэл өгч ажиллалаа.
Ахмад настнууд сургалт, арга хэмжээг зохион байгуулж буй явдалд талархал илэрхийлэхийн хамт тэтгэврийн зээл, нийгмийн халамжийн үйлчилгээ зэрэг тулгамдаж буй асуудлаараа асуулт асууж хариулт авлаа.
Энэхүү сургалт, уулзалт нь ахмад настнуудынхаа хэрэглээний боловсролыг нэмэгдүүлсэн, хууль тогтоомжид заасан эрхийн талаар ойлголт мэдээлэл өгсөн үр дүнтэйгээр болж өндөрлөсөн юм .