Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын ажлын хэсэг 9 дүгээр сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаа.
Тус суманд ажиллах хугацаанд иргэд хэрэглэгчид, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөгчид, ахмад настнууд, хүүхэд залуучуудад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хууль тогтоомжийн хүрээнд хийгдэж буй ажлууд, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, хэрэглээний боловсролыг нэмэгдүүлэх уулзалт, сургалтыг зохион байгуулсан юм.
Үүнд сургалт, уулзалтаар аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөгчдөд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд заасан үйлдвэрлэгч, гүйцэтгэгч, худалдагчийн үүрэг, хариуцлага, зөрчил гаргасан хувь хүн, хуулийн этгээдэд оногдуулах торгууль шийтгэлийн талаар танилцуулав. Мөн иргэд хэрэглэгчид, ахмад настнуудад “Ахмад настан-хэрэглэгч” аяны үйл ажиллагаа, зорилго, чиглэл болон бараа бүтээгдэхүүн худалдан авах явцад хэрхэн хэрэглэгчийн эрхээ хамгаалах, анхаарах асуудлаар мэдээлэл өглөө.
Уулзалтын үеэр ахмад настуудаас ахмадын хэрэглэгчийн эрх ашиг ихээхэн зөрчигдөж байгаа талаар саналаа хэллээ. Тухайлбал хөдөө орон нутгийн ахмадууд хотод нийтийн тээврээр хөнгөлттэй зорчиж чаддаггүй. Замын-Үүдэд амралтын хөнгөлттэй эрхийн бичгийн хүрэлцээ муу байгаа талаар болон орон нутгийн зорчигч тээвэрт хөнгөлөлт байдаггүй, тэтгэврийн хувь хэмжээний ялгавартай байдал зэрэг асуудлын талаар саналаа хэлж холбогдох байгууллагуудад нь уламжилж өгөхийг хүссэнийг хүлээн авч ажиллаж байна.
Мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын ажлын хэсэг БНХАУ-ын хэрэглэгчийн байгууллагын Эрээн хотын аж үйлдвэрийн товчооны иргэд, хэрэглэгчдийн гомдол мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх 12315 төвийн үйл ажиллагаатай танилцаж хамтран ажиллав.
Тус байгууллагын 12315 тоот утсанд хэрэглэгч, бараа бүтээгдэхүүн борлуулагчийн хооронд хэрэглэгчийн эрх ашигтай холбоотой үүссэн маргааныг шийдвэрлэх ажиллагаатай холбогдох гомдол, мэдээллийг хүлээн авч ажиллаж байна.
Иймд БНХАУ-ын Эрээн хотод зорчиж бараа, бүтээгдэхүүн худалдан авсан иргэд, хэрэглэгчид хэрэглэгчийн эрх ашиг тань зөрчигдсөн гэж үзвэл дээрх байгууллагад хандах боломжтой юм.
Утас: 1800-1284
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР