Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын ажлын хэсэг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ахмад настнуудтай "Ахмад настан хэрэглэгч" аяны хүрээнд уулзалт, сургалтыг зохион байгуулж байна. Уулзалт, сургалтыг тус сумын Засаг даргын орлогч нээж оролцлоо.
Сургалтаар ахмад настнууддаа Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомж, ахмад настны хэрэглэгчийн эрхийн талаар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам мэдээлэл хийлээ. Уулзалтын үеэр иргэд, хэрэглэгчдээс гарсан шатахууны үнийн өсөлт, чанар, хэмжих нэгжийн талаарх асуултад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас тухайн чиглэлээр хийгдсэн хяналт шалгалтын ажлууд, үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.
Мөн тус сумын ахмад настнуудаас ахмадын хэрэглэгчийн эрх ашиг ихээхэн зөрчигдөж байгаа талаар саналаа хэллээ. Тухайлбал хөдөө орон нутгийн ахмадууд хотод нийтийн тээврээр хөнгөлттэй зорчиж чаддаггүй. Замын-Үүдэд амралтын хөнгөлттэй эрхийн бичгийн хүрэлцээ муу байгаа талаар болон орон нутгийн зорчигч тээвэрт хөнгөлөлт байдаггүй, тэтгэврийн хувь хэмжээний ялгавартай байдал зэрэг асуудлын талаар саналаа хэлж холбогдох байгууллагуудад нь уламжилж өгөхийг хүслээ.