Монгол улсад 2018 оны жилийн эцсийн байдлаар нийт хүн амын 6.66 хувь буюу 215,731 нь 60 ба түүнээс дээш насны өндөр настан байна гэсэн судалгаа байдаг. Ахмад настнуудын хувьд бараа, бүтээгдэхүүн худалдан авах, үйлчилгээний явцад хэрэглэгчийн эрх ашиг нь зөрчигдөх явдал байсаар байна.
“Хэрэглэгчийн мэдээллийн 1284 төв”-ийн 1800-1284 утсанд ирж буй хэрэглэгчийн гомдол мэдээллээс харахад худалдаа, үйлчилгээний газрууд ахмад настанд үл хүндэтгэлтэй ханддаг, дараалал дугаарт хүлээлгэдэг. Ахмад настан хэрэглэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаар мэдээллийг дутуу өгөх, тайлбарлаж өгдөггүйгээс ахмад настанууд хохирох явдал түгээмэл байна.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас ахмад настнуудад Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай болон холбогдох хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгч, тэдний хэрэглээний боловсролыг нэмэгдүүлэх, ахмад настанд зориулсан эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, эрх нь зөрчигдөж буй чиглэлээр хяналт шалгалт явуулах, зөрчлийг таслан зогсоох зорилгоор “Ахмад настан – хэрэглэгч” аяныг 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд улс орон даяар өргөн хүрээнд зохион байгуулан ажиллаж байна.
Аяны хүрээнд яамд, аймаг, нийслэл, дүүргийн орон тооны бус салбар зөвлөл, түүний харьяа байгууллага, албан тушаалтан болон холбогдох төрийн байгууллагуудад тухайн хариуцсан нутаг дэвсгэр, эрхлэх асуудлын хүрээний салбар тус бүрт ахмад настан хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр тодорхой, бодит ажлуудыг зохион байгуулах, үр дүн, хийсэн ажлыг эргэн мэдэгдэх чиглэлийг ШӨХТГ-аас өглөө.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас ахмадын баярыг угтан төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг ахмадаа хүндэтгэсэн ажил, үйлчилгээ явуулж тухайн салбар, үйл ажиллагаанд ахмад настны өмнө тулгамдаж буй асуудлыг бодитойгоор шийдвэрлэн АХМАДУУДДАА БЭЛЭГ БАРИХ-ыг уриалж байна.
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР