ШӨХТГ-ын даргын 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр баталсан “Төрийн байгууллага болон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч зарим байгууллагуудын хэрэглэгчийн төвүүдэд ажиллах ажлын удирдамж”-ийн хүрээнд ажлын хэсгүүд байгуулагдан аж ахуйн нэгж, байгууллагуудын хэрэглэгчийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцах, зөвлөн туслах ажлыг эхлүүлээд байна.
Ажлын зорилго нь төрийн байгууллага болон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд хэрэглэгчийн төвүүдийн өргөдөл, гомдол шийдвэрлэх үйл явц болон хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хийж буй үйл ажиллагаа нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт тавихад чиглэгдэж байна.
Удирдамжийн дагуу гурван дэд ажлын хэсэг байгуулагдсан ба төрийн болон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч нийт 15 байгууллагад ажиллах бөгөөд 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс өнөөдрийг хүртэл (2018.09.28) “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, Харилцаа, холбооны зохицуулах хороо, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” дахь салбар, Баянзүрх дүүргийн ЗДТГ, “Юнител” ХХК, “ДДэшТВ” ХХК зэрэг 8 байгууллагын үйл ажиллагаатай танилцсан байна.
Энэ ажлын хүрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын зүгээс хамрагдаж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын хэрэглэгчийн төвийн үйл ажиллагаа болон өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн талаар иргэд, хэрэглэгчдээс мэдээлэл, санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэн ажиллаж байна.