Жил бүрийн 5 дугаар сарын 29-ний өдрийг Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр болгон тэмдэглэдэг билээ. Манай улсад энэ өдрийг “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” нэрийн дор 8 дахь жилдээ тэмдэглэсэн баярт үйл явдал энэ сарын 27-ны өдөр Төрийн ордны өмнөх талбайд болсон юм. Харамсалтай нь өглөөнөөс хойш бүүдийсэн тэнгэр улам бүр лавссаар хурын өтгөн үүл зад тавин Энхийг сахиулагчдынхаа баярыг тэмдэглэж эхлэх цагтай давхцан бүдүүн ширхэгтэй усан бороо асгарч гарах нь тэр. Салхины хурд цагт 12 хэмийг хол давсан болохоор усан бороо, цасан шамарга болон шавхуурдах нь борооны цув сэлтээ аваагүй цэргийнхэнд ямар олигтой байхав. Гэвч цэргийн хүн бол цэргийн хүн, тэгээд ч бараг үхэхээс бусдыг үзэж хатуужсан тэдэнд эх нутгийн маань хүйтэн бороо зүгээр л илбэх лугаа байсан биз ээ!
Өдрийн 15.00 цагт усан бороо улам ширүүссэн ч УИХ-ын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын төрийн өндөрлөгүүд гарч ирэхэд УИХ-ын дарга З.Энхболдод Төрийн хүндэт харуул хүндэтгэл үзүүлсэн юм. Ийнхүү төрийн өндөр албаны хүмүүсийн хамт БХЯ, ЗХЖШ-ын удирдах тушаалын генерал, офицерууд, гадаад орнуудын ЭСЯ-ны цэргийн атташе нар тусгайлан зассан тавцан дээр гарч, Энхийг сахиулагчиддаа хүндэтгэл үзүүлсэн юм.
Олон улсын энхийг сахиулагчдын өдөрт зориулсан “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” сэдэвт өдөрлөгийн ажиллагааг нээж, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав хэлсэн үгэндээ “…Өнөөдрийн байдлаар нийт 17 энхийг сахиулах ажиллагаанд дэлхийн 68 орны 100.000 гаруй цэргийн болон иргэний алба хаагчид үүрэг гүйцэтгэж буйн дотор монголын мянга орчим цэнхэр дуулгатан энхийг сахиулагчид багтаж, үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа нь нэн бахархалтай үйл хэрэг юм.
…Энэ 10 жилийн хугацаанд давхардсан тоогоор 8000 орчим цэргийн алба хаагч ЭСА-нд оролцон үүрэг гүйцэтгэсний дотор Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчид, түүнчлэн эмэгтэй цэргийн алба хаагчид багтаж байна. Энхийг сахиулагчдын өдөр бол зөвхөн энхийг сахиулагчдын баяр, төрийн мөрдэс зүүсэн эр цэргүүдийн баяр биш ээ. Энэ бол үеийн үед, цагийн цагт эрэлхэг хөвгүүдийг төрүүлж өсгөсөн эх орны маань баяр, Монголын ард түмний баяр, бахдалын өдөр байх учиртай …” гэдгийг онцлон тэмдэглэв. Дараа нь УИХ-ын дарга З.Энхболд баяр хүргэж үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ “…Даян дэлхийн улс орнуудтай хаяа дэрлэн энх тайвнаар зэрэгцэн оршиж буй манай улсын энхийг эрхэмлэсэн гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулагчдын гүйцэтгэж буй үүрэг үлэмж их билээ. Энхийг сахиулагчид цэрэг эрс та бүхэн бол энэ цаг үеийн эгэл жирийн атлаа, энгүй их гавьяатай жинхэнэ баатрууд юм. Монголын төр, ард түмэн та нарынхаа үйлс бүтээл, үйл хэргээр тань бахархаж байна. Энхийг сахиулагчид Та бүхэн бахархуулах үйлстэй, бахархах эрхтэй хүмүүс …
Энхийг эрхэмлэгч манай орон даян дэлхийд энх тайван, амар амгаланг тогтоох хүн төрөлхтөний шударга, ариун үйл хэрэгт оруулж буй хувь нэмэр, хүчин чармайлтаа цаашид ч улам бүр өргөжүүлэх болно. Энхийг дэмжих ажиллагаанд оролцож, үүрэг гүйцэтгэсэн цэрэг, дайчдынхаа нийгмийн хамгааллыг сайжруулах, ахуй амьдралыг дээшлүүлэх талаар төр, засгийн зүгээс шийдвэртэй алхмуудыг дэс дараатай авч хэрэгжүүлэх болно” гэлээ. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Афганистан Улс дахь АНУ-ын тэргүүлсэн “Тогтвортой эрх чөлөө” ажиллагааны цэргийн хамгаалалтын рот болон нисдэг тэрэгний техникийн засвар үйлчилгээ, сургалтын бүлэгт үүргээ амжилттай гүйцэтгэсэн офицер, ахлагч нарыг төрийн дээд шагналаар шагнасан юм. Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн захирагчийн орлогч, хошууч Т.Буянбат, БХЯ, ЗХЖШ-ын ҮААХ-ийн зохицуулагч, хошууч Л.Мөнхбат, Зэвсэгт хүчний 284 дүгээр ангийн дизельчин, жолооч, ахлах ахлагч О.Буяндалай нар “Цэргийн хүндэт медаль”-иар шагнагдсан бол ЗХЖШ-ын мэргэжилтэн, дэслэгч Э.Тэмүүлэн, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн Зэвсгийн нярав, засварчин, дэд ахлагч П.Оюунбат, 167 дугаар ангийн танкийн механик жолооч, сургагч ахлагч Э.Эрдэнэсайхан, 065 дугаар ангийн 252 дугаар тусгай салбарын удирдах байрын жижүүр, ахлах ахлагч Ч.Батбаяр, 327 дугаар ангийн хөгжимчин, дэд ахлагч М.Гантулга нарын 67 цэргийн алба хаагчийг “Энхийн төлөө” медаль, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэрэгний борттехникч, ахлах дэслэгч С.Энх-Амгалан, 330 дугаар ангийн салааны орлогч, ахлах ахлагч Г.Ууганбаяр, 089 дүгээр ангийн жолооч, ахлах ахлагч Т.Жаргалан нарын 62 цэргийн алба хаагчийг “Афганистанд энхийн төлөө” дурсгалын хүндэт тэмдгээр шагнасан юм.
Мөн өдөр Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн захирагч, хурандаа Л.Гансэлэм “Шилдэг цэргийн багийн захирагч”-аар, 330 дугаар ангийн төлөвлөлтийн офицер, ахмад М.Түвшинжаргал “Шилдэг энхийг сахиулагч офицер”-оор, 311 дүгээр ангийн тэргүүн ахлагч Лхагвабаатар “Шилдэг энхийг сахиулагч ахлагч”-аар, 032 дугаар ангийн сувилагч, ахлагч Ганчимэг “Шилдэг энхийг сахиулагч эмэгтэй цэргийн алба хаагч”-аар шалгарч шагналаа гардан авсан. Жил бүрийн Энхийг сахиулагчдын өдрийг тохиолдуулан цэргийн нэрт зүтгэлтэн, “Энхийг сахиулагчдын загалмайлсан эцэг” хэмээн алдаршсан, хошууч генерал агсан Г.Рагчаагийн ажил, үйлсийг алдаршуулсан “Рагчаа сан”-гаас энэхүү нэр хүндтэй шагналыг олгодог бөгөөд эл өдөр тус сангийн тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Г.Рагчаа генералын гэр бүл, үр хүүхэд дээрх шагналыг гардуулсан юм.
Мөн сангаас, Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэж байгаа дэд хурандаа Б.Бат-Эрдэнийн хүү Энхмөнх, хурандаа С.Дашзэвэгийн хүү Дүүрэнбаяр, тэргүүн ахлагч Т.Энхбаатарын охин Солонго, Афганистан Улсад үүрэг гүйцэтгэж буй дэслэгч Г.Золзаяагийн охин Ануужин, ахлах ахлагч Б.Тэнүүнбаярын хүү Мөнхжаргал нарын 10 гаруй хүүхдэд бэлэг гардуулсан нь олны талархлыг зүй ёсоор хүлээж байсныг зориуд тэмдэглэж байна. Энхийг сахиулах ариун үйлсэд оролцогсдын зам мөрийг шулуутгахад үнэтэй хувь нэмрээ оруулсан ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнайд “Энхийн цэрэг” Олон улсын төрийн бус байгууллагаас НҮБ-ын “Peаce Commemoration Medal”-ийг гардуулж баяр хүргэснээр энэ жилийн Энхийг сахиулагчдын өдөр хугацаанаасаа хоёр хоногийн өмнө даруухан хэмжээнд тэмдэглэгдэж, гурван цагийн орчилд Д.Сүхбаатарын талбайд цас, бороо холилдсон жилийн хоёр улиралд болж өндөрлөв.