ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Энэхүү дүрмээр хил хамгаалах байгууллагын бүрэлдэхүүний үүргээ гүйцэтгэх явцад дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээ, түүнтэй холбогдсон үйл ажиллагааг зохицуулна.
1.2 Хил хамгаалах байгууллагын өмнө тавигдсан зорилтыг амжилттай хэрэгжүүлэх, албан хаагчдаас хуульд заасан эрх, үүргээ биелүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд энэхүү дүрмийн зорилго оршино.
1.3 Өргөсөн тангарагтаа үнэнч байж, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх явцад үйл ажиллагаандаа эрхэмлэвэл зохих зан үйлийн нийлбэр цогцыг Хил хамгаалах байгууллагын албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ гэнэ.
1.4 Хил хамгаалах байгууллагын албан хаагчийн ёс зүй нь албан үүргээ амжилттай гүйцэтгэх үндсэн нөхцөлийн нэг бөгөөд бүрэлдэхүүнээс энэхүү хэм хэмжээг сахин биелүүлэхийг шаардана.
1.5 Энэ дүрэм Хил хамгаалах байгууллагын офицер, ахлагч, гэрээт болон хугацаат цэргийн албаны түрүүч, байлдагч, хилийн цэргийн дээд сургуулийн сонсогч, энгийн албан хаагчдад үйлчилнэ.
Хоёр. Ёс зүйн дүрмийн эрх зүйн үндэс
2.1 Хил хамгаалах байгууллагын албан хаагчийн ёс зүйн зохицуулалтын үндэс нь Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай, Хилийн тухай хууль болон бусад хуулиуд, цэргийн болон хил хамгаалалтын дүрмүүдийн хэм хэмжээ байна.
Гурав. Албан хаагчийн ёс зүйн зөрчил
3.1 Хил хамгаалах байгууллагын албан хаагчийн ёс зүйн зөрчил гэж холбогдох хууль болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн санаатай буюу санамсаргүй үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ.
Дөрөв. Албан хаагчийн баримтлах зарчим
4.1 Хуулийг дээдлэн чанд сахин биелүүлэх;
4.2 Хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж хамгаалах;
4.3 Монгол Улсын Олон улсын гэрээ хэлэлцээрүүдийг хүндэтгэн сахих;
4.4 Дипломат албаны ёс зүйг сахих;
4.5 Шударга байх;
4.6 Хил хамгаалах байгууллагын нэр хүндийг өндөрт өргөн ажиллаж түүний хөгжил, бэхжилтэд бодитой хувь нэмэр оруулах;
Тав. Албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ
Хил хамгаалах байгууллагын албан хаагч өдөр тутмын үйл ажиллагаандаа ёс зүйн доорхи хэм хэмжээг дагаж мөрдөнө. Үүнд:
5.1 Мэдлэг боловсрол, сахилга, хариуцлага, сонор сэрэмж, зан байдлаараа бусдын итгэл, хүндэтгэлийг хүлээх;
5.2 Төрийн болон байгууллага, хувь хүний нууцыг чанд хадгалах;
5.3 Захирах, захирагдах зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөх;
5.4 Дээд шатны удирдлагын хуульд нийцүүлэн гаргасан шийдвэрийг биелүүлэх;
5.5 Нөхдийнхөө албаны ажилд хүндэтгэлтэй хандах;
5.6 Боловсрол, мэргэжил ажлын ур чадвараа байнга дээшлүүлж, зан төлөвийн муу зуршил, дутагдал гаргахгүй байх;
5.7 Гэр бүл, үр хүүхэддээ халамж анхааралтай байж, ёс суртахууны нийтээр зөвшөөрөгдсөн хэм хэмжээг сахин биелүүлэх;
5.8 Байгууллагын өмч, хөрөнгө, техник хэрэгсэл, эд зүйлс, албан хэрэгцээний мэдээ, материал, мэдээллийн санг албаны бус зориулалтаар ашиглахгүй байх;
5.9 Иргэдийн өргөдөл, санал, хүсэлтийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж хариу өгч байх;
5.10 Мөрийтэй болон бооцоот тоглоом тоглохгүй байх;
5.11 Албан ажил, үүрэгтэй холбогдох авлигад өртөхгүй байх;
5.12 Хөрөнгө, орлогын мэдүүлгээ жил бүр, хуульд заасан хугацаанд үнэн зөв гаргаж бүртгүүлэх;
5.13 Аль нэг улс төрийн хүчнийг илт дэмжих буюу шүүмжлэх байдлаар ялгавартай хандахгүй байх бөгөөд аливаа нам эвслийн харъяалалгүй байх;
5.14 Албан хаагч хууль дүрэм, заавар, журмыг чанд мөрдөж, зан харилцааны дутагдал гаргахгүй ажиллах;
5.15 Хил хамгаалах байгууллагын албан хаагч хууль тогтоомжоор хориглоогүй ажил албан тушаал хавсран гүйцэтгэж болно;
5.16 Албан тушаалтан бүр ашиг сонирхолын зөрчлөөс зайлсхийж, энэ талаар удирдлагадаа мэдэгдэж байх;
Зургаа. Албан хаагчийн хориглох зүйл
6.1 Албан тушаал, хуулиар олгосон эрх мэдлээ хувийн зорилгод ашиглах, албан үүргээ биелүүлсэнтэй холбогдуулан шан харамж, бэлэг, бусдаас авах, шахаж шаардах, ятгах, зуучлах, болзол тавих, албаны нэр барьж сүрдүүлэх;
6.2 Хүнд суртал гаргах, иргэдийг чирэгдүүлэх, хүнлэг бус харилцах, танил тал харах, бусдын болон хамт ажиллагсдын нөлөөнд үл автах;
6.3 Улсын хилийн зөрчил гаргах, хууль бус үйлдэлд хуйвалдан оролцох;
6.4 Дүрэмт хувцастай, ажлын цагаар, албаны байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэх;
6.5 Үнэн бодит байдлыг нуун дарагдуулж, удирдлагыг буруу ташаа мэдээллээр хангах;
6.6 Төсвийн хөрөнгө, мөнгийг хууль бусаар завшиж, зориулалтын бусаар ашиглах;
6.7 Албан ажлын холбогдолтой мэдээллийн санг хувийн зорилгоор ашиглах;
Долоо. Ёс зүйн хэм хэмжээг төлөвшүүлэх ажиллагаа
7.1 Ёс зүйн хэм хэмжээ нь Хил хамгаалах байгууллагын албан хаагч байх, албан тушаал дэвших, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл оногдуулахад харгалзах үзүүлэлт болно.
7.2 Албан хаагч өөрийн ёс зүйн төлөвшлийг хариуцахаас гадна бүх шатны дарга нар тэдний ёс зүйгээ сахин биелүүлэх боломжийг бүрдүүлэх, өөрийн биеэр үлгэрлэх зэргээр ёс зүйн төлөвшлийн төлөө хариуцлага хүлээнэ.
7.3 Албан хаагчдын ёс зүйгээ сахин биелүүлэх баталгаа нь бүх шатны удирдах албан тушаалтны өөрийн биеэр үлгэрлэн манлайлах явдал мөн.
Найм. Ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх
8.1 Ёс зүйн зөрчлийг дараах үндэслэлээр шалгана. Үүнд:
а. Байгууллага иргэдээс гаргасан өргөдөл, гомдол, мэдээлэл;
б. Дотоодын хяналт, шалгалтаар илэрсэн;
в. Шаардлагатай гэж үзвэл удирдлагын санаачилгаар;
г. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээллэгдсэн;
8.2 Ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн албан хаагчийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх цэргийн сахилгыг бэхжүүлэх зөвлөлийн хурлаар хэлэлцэн хурлын шийдвэрийг ХХЕГ-ын дарга, отряд, /анги/-ын дарга, /захирагч/ нарт танилцуулж шийдвэрлүүлнэ.
Ес. Ёс зүйн байдалд хяналт тавих
9.1 Албан хаагчийн ёс зүйн байдалд Хил хамгаалах ерөнхий газар, хилийн отряд, ангиудын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цэргийн сахилгыг бэхжүүлэх зөвлөл хяналт тавина.