Бүгд Найрамдах Судан Улсын Дарфур мужид үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт Хүчний цэргийн хээрийн II шатны эмнэлгийн VII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн орон нутгийн “Кабкабияа” суурингийн 28 иргэнд “Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх сургагч бэлтгэх” сургалтыг 2 үе шаттайгаар зохион байгуулав. Ингэхдээ Англи, Араб хэл дээр бэлтгэн, орон нутгийн удирдлагуудтай хамтарч “Иргэн цэргийн харилцаа”-ны ажлын хүрээнд Монгол Улсын Зэвсэгт Хүчний цэргийн хээрийн II шатны эмнэлгийн материаллаг баазыг түшиглэн амжилттай зохион байгууллаа.
Сургалтыг Монгол Улсын Зэвсэгт Хүчний цэргийн хээрийн II шатны эмнэлгийн цэргийн багийн эмч нар орон нутгийн Араб хэлний орчуулагч ашиглан Англи хэлээр онолын хичээлүүдийг зааж, сувилагч нар дадлагын хичээлүүдийг зохион байгуулсан ба суралцагчид идэвхитэй хамрагдсан.
Сургалтын бэлтгэл ажлын хүрээнд цэргийн багийн бие бүрэлдэхүүн дадлагын хичээлд хэрэглэгдэх материал хэрэгслийг гарын доорх зүйлс ашиглан бэлтгэсэн нь сургалтыг үр дүнтэй явуулах нөхцөл бололцоог олгосон.
Сургалтын хаалтын ажиллагаанд Хойд секторын Командлагч Бригадын генерал Амгад Морси, Кабкабияа суурингийн дарга доктор Мухамад Адам Сален нар болон бусад албаны төлөөлөгчдийн хамт хүрэлцэн ирж тус сургалтын зохион байгуулсан Монгол Улсын цэргийн хээрийн II шатлалын эмнэлгийн нийт бие бүрэлдэхүүнд UNAMID ажиллагааны Хүчний командлагчийн талархалын бичгийг гардуулан өгч талархсан сэтгэлээ илэрхийлэн үг хэлж, сургалтыг удирдаж явуулсан эмч, сувилагч нар болон суралцагчдад сертификат гардууллаа.
Бидний энэхүү зохион байгуулсан “Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх сургагч бэлтгэх” сургалтыг UNAMID ажиллагааны удирдлагуудын зүгээс өндрөөр үнэлэн UNAMID ажиллагааны дотоод цахим сүлжээнд байршуулан сурталчилж бусад олон улсын цэргийн багуудыг “Иргэн цэргийн харилцаа”-ны ажлуудыг зохион байгуулахыг уриалсан.