Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга дэргэдэх хэлтэс албадын дарга, мэргэжилтнүүдийн хамт 10 дугаар хороонд өнөөдөр ажиллалаа.
Хорооны Засаг дарга Ч.Болормаа хороондоо тулгамдаад байгаа асуудлын талаар дараах мэдээллийг хийж, зарим газруудаар явж танилцуулав.
Хороондоо энэ жил төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай хүргэх, ёс зүйг чандлан сахиж ажиллах, ахмадаа хүндэтгэсэн, залуучуудаа дэмжсэн, хүүхдүүдээ тэтгэсэн, айл өрхийн орлогыг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Иргэдийг хашаагаар нь зохион байгуулалтад оруулах, гудамжаар нь хамруулан ажлын байрыг бий болгох, орчныг тохижуулах ажилд иргэдийг оролцуулах, хог тээвэрлэлтийг шинэ шатанд гаргах, сургууль, цэцэрлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийж эхлээд байгаа талаар тус хорооны Засаг дарга онцлон хэлсэн юм. Тухайлбал, хог тээвэрлэлтийн асуудлаар ТҮК-тай хамтран ажилласны үр дүнд 42 гудамжнаас 39 гудамжийг бүрэн хоггүй болгож чадсан байна.
Тус хороонд томоохон зах, худалдааны төвүүд төвлөрсөн, түрээслэн амьдрагч өрхүүд олон байдаг нь гэмт хэрэг, архидалт их хэмжээгээр гарах нөхцөлийг бүрдүүлдэг. Үүнийг таслан зогсоох ажилд иргэдийг татан оролцуулах, хамтарсан багаар эргүүл ажиллуулах, камержуулах шаардлагатай байгаа талаар Засаг дарга Ч.Болормаа дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн юм.
Үүний дараа ажлын хэсгийнхэн хашаа, байшин, гэрийн доороос ус ундарч гарч ирсэн айл өрхүүдээр орж, нөхцөл байдалтай нь газар дээр нь танилцан мэргэжлийн байгууллагуудаар судалгаа, дүгнэлтийг гаргуулж шийдвэрлүүлэхээр болов.
Мөн чимээгүй хотын ойролцоо амьдардаг айл өрхүүдийн орчин, нөхцөл, хог тээвэрлэлт, газрын зөрчилтэй асуудлуудтай танилцаж, тус хорооны 42 дугаар гудамжин дахь өрхүүдийг бүлгийн зохион байгуулалтад оруулан, гэрэлтүүлэг, камержуулалт, авто болон явган зам тавих, нийтийн тээвэр явуулах, хаягжилт зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар оршин суугчидтай уулзан санал бодлыг нь сонсч иргэдийн оролцоотойгоор жишиг гудамж болгохоор тогтлоо.
Хорооны үйл ажиллагаатай танилцсаны дараа Засаг даргын Тамгын газрын дарга Д.Мөнхбат холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүдэд дараах үүргийг өглөө. Үүнд:
- Бохир орчинд толгой шийр хуйхлан худалдаалж байгааг зогсоох
- Хорооны иргэд, өрхийн бүртгэлийг цэгцлэх, цахим үнэмлэх тараах ажлыг эрчимжүүлэх
- Далангийн ойролцоох айлуудын хашаан дунд оргилсон булаг, усны асуудлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран шийдвэрлэх
- Архи худалдаалж буй аж ахуйн нэгжүүдийг цэгцлэх
- Гудамжны хаягжилтыг 16-р хорооны жишгээр шийдвэрлэх
- Газар олголтод тавих хяналтыг сайжруулах
- Хашаандаа нийтийн байр барьж иргэдэд түрээсэлдэг өрхүүдэд бохир ус, хог, цахилгааны нэгдсэн үзлэг шалгалтыг явуулж, холбогдох арга хэмжээг авах
- Ажлын уялдаа холбоог сайжруулах, хорооны нийт ажиллагсдын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэх, ажлын гүйцэтгэлд хариуцлагатай хандаж, нэг баг болж хорооныхоо иргэдэд хүрч ажиллах шаардлагатай байна гэлээ.