Автотээврийн хэрэгслийн албан татвар,
агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажил 2015 оны
хоёрдугаар сарын 10-наас тавдугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд
явагдаж дууслаа. Монгол Улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан
татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөр”-ийн тухай хуулинд
автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн,
хуулийн этгээд албан татвар төлөхөөр заасан байдаг. Хуульд хувь хүн
автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа
тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан
байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татвараа төлөх ба
жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж зохицуулагдсан
байдаг.
Харин хугацаандаа татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг Замын цагдаагийн алба нь өөрийн эрх хэмжээ, хуулийн хүрээнд авто тээврийн эзэмшигчдэд хариуцлага тооцож, замын хөдөлгөөнд оролцуулахгүй юм. Татвар төлөх хуулийн хугацаа дууссан учраас нэмэлт цэгүүдийг буулгаж байна. Харин хугацаандаа татвараа төлөөгүй жолооч нар дүүргийнхээ Татварын газар болон Дүнжингарав худалдааны төвд 6 дүүргээс ажиллаж байгаа нэг цэгийн үйлчилгээнд татвараа төлөх боломжтой гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.