Гэр хорооллын дахин төлөвлөлтийн
хүрээнд чөлөөлсөн газар дээр баригдсан анхны 300 хүүхдийн цэцэрлэг
сургуулийн цогцолборыг нийслэл хүлээн авлаа. Төсөл хэрэгжүүлэгч “Бэрэн
групп” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд барьсан цэцэрлэг
сургуулийн цогцолборын нээлтийн ажиллагаанд НИТХ-ын дарга Д.Баттулга,
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл,
нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч
Н.Батаа, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан
орлогч Ц.Энхцэнгэл болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов. Төслийн
хүрээнд баригдсан хамгийн анхны сургууль цэцэрлэгийн цогцолборын
туузыг тус өргөөний эзэд болох хүүхдүүд хайчиллаа.
Тус цогцолборыг хүлээлгэн өгч буй “Бэрэн групп” ХХК нь 2013 онд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, СБД-ийн 11-р хороо, 7-р хороололын нутаг дэвсгэрт орон сууцны 37 барилга, 600 хүүхдийн сургууль цэцэрлэгийн 2 цогцолбор, авто замын ажил хийхээр хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөө батлуулаад байгаа юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.