
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн
тогтоолоор батлагдсан “Хот тохижилт, цэвэрлэгээний талаар байгууллага,
аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-ын дагуу иргэн, аж ахуйн
нэгж байгууллагууд өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны
50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайд ногоон байгууламж
байгуулах, арчилгаа цэвэрлэгээг хариуцаж, өвлийн улиралд хүн томилж цас,
мөсийг тухай бүрт нь арилгаж, хальтиргаа гулгаа үүсгэлгүйгээр, иргэдийн
тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээсэн байдаг.
Үүний дагуу 2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд цас
цэвэрлэгээ, хальтиргаа гулгаа арилгах ажилд хяналт тавих хариуцлагатай
жижүүрийн хуваарийг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл,
дүүргүүдийн ЗДТГ-ын Дэд бүтэц, тохижилтын хэлтэс тус бүр дээр гаргалаа.
Харин нийслэлийн хэмжээнд Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ, дүүргүүдийн
тохижилт үйлчилгээний байгууллагуудаас автозам дээр хальтиргаа, гулгаа
үүсэхээс сэргийлж төлөвлөгөөний дагуу 716.6 тн бодис, 1137.7 тн давс,
160.3 тн элс дайргыг бэлтгэн нөөцлөөд байна.