Нийслэлчүүд хогоо боловсруулж дизель түлш, бензин гаргах үйлдвэртэй боллоо. Уг үйлдвэрийн эхний хэсгийн үйл ажиллагааны нээлтийн арга хэмжээ 04 сарын 17-ны өдөр Багахангай дүүрэгт болж, уг арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэл болон бусад албаны хүмүүс оролцлоо. "Алтай оршихуй" ХХК нь уг үйлдвэрийг өөрсдийн зардлаар барьж байгаа бөгөөд эхний ээлжинд 1,5 тэрбум төгрөгийн зардлаар "Ахуй Мандал" дахиварын үйлдвэрийн А хэсгийг ашиглалтад ороход бэлэн болгоод байна. 3 хэсгээс бүрдэх тус үйлдвэрийн дараагийн хэсгүүдийг барихад 2 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд 2015 оны 7 сарын 1-ний өдөр бүрэн ашиглалтад оруулна гэдгийг үйлдвэрийн удирдлагууд хэлж байна. Уг үйлдвэр нь бүрэн ашиглалтад орсноор өдөр 8-10 тонн хог боловсруулах хүчин чадалтай бөгөөд 500-аад ажлын байрыг Багахангай дүүрэгт бий болгох юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.