ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭС ЗАВГҮЙ, ЗАЙГҮЙ АЖИЛЛАЖ БАЙНА
“Сум” төслийн хүрээнд 4 яамны хамтарсан 16 дугаар ажлын хэсэг 2013 оны 3 дугаар сарын 6-наас 4 дүгээр сарын 4-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн 15 сум, хилийн 2 боомтоор очиж ажиллан, үйл ажиллагаатай нь танилцлаа. Бид ажлын хэсгээ “ЭКО-16” гэж нэрлэсэн бөгөөд манай багийнхан Монгол Улсын эдийн засаг, төсөв хөрөнгийн дийлэнх хэсгийг бүрдүүлж буй, цаашид ч бүрдүүлэх, тэр хэрээр газар нутаг, байгаль орчин нь доройтож болзошгүй тус аймгийн газар шороо, ус агаарыг бага ч атугай бохирдуулахгүй үүднээс, “ширхэг цаас ч хаяхгүй” хэмээн багийнхаа нэрээр уриа хийн ажилласан юм. Юуны өмнө Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, иргэдтэй уулзсан уулзалтынхаа талаар дэлгэрэнгүй мэдээллэх нь зүйтэй болов уу. Дараагийн удаад тус аймгийн сумдад ажилласан мэдээг цувралаар хүргэх болно.
Манай
ажлын хэсгийн сүүлийн өртөө Өмнөговь аймгийн Даланзадгад хот байлаа.
Энэ үеэр Засгийн газрын бүтцийн өөрчлөлт, шинэчлэлийн хүрээнд аймгуудад
шинээр байгуулагдан үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа Хөдөлмөрийн
хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж хамтран ажиллалаа. Тус хэлтэс нь 2013
оны 3 дугаар сарын 27-ны өдөр үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж,
иргэд, хөдөлмөрчдөд үйл ажиллагаагаа сурталчилах, шинэ нэгжийн ач
холбогдол иргэдэд үзүүлэх үйлчилгээний талаар мэдээлэл өгөх, танилцуулга
хийх зорилгоор нэг өдрийн өдөрлөгийг аймгийн төв талбайд зохион
байгуулсан байна. 30 ажилтны батлагдсан орон тоотой тус хэлтэс өмнө нь
Иргэний бүртгэл мэдээллийн хэлтэс байсан хуучин байрыг шилжүүлэн авч,
засварлан байрлажээ. Байрны ашиглалтын талбайн хувьд маш бага ч
тохижилт, дотоод, гадаад зохион байгуулалтын шийдлийг зай талбайдаа
зохицуулан тун сайн шийдсэн нь анхаарал татаж байлаа.
Хэдий
үйл ажиллагаа явуулж буй талбай бага ч үйлчилгээ үзүүлэх иргэдийн тоо,
газар нутгийн хэмжээгээрээ Монгол улсын хамгийн том аймгийн ард иргэдийг
ажилтай, орлоготой байлгах гүүр болж, хүн бүрт хүрч үйлчлэх гэж чармайх
хэлтсийн ажилтнуудаас илүүтэйгээр үйлчлүүлж буй иргэд хөдөлмөрийн
хэлтсийн ажлын байрны тав тух, орчин нөхцөлд санаа тавьж буй нь
ажиглагдсан юм. Үүний нэг жишээ нь улсын төсвийн хөрөнгө оруулалтын
жагсаалтыг иргэдээр эрэмбэлүүлэхээр аймгийн төв Даланзадгад сумын нийт
иргэдтэй хийсэн уулзалт хэлэлцүүлгийн үеэр “Хөдөлмөрийн хэлтсийн
барилгыг бүх конторын барилгын эхэнд оруулах саналтай байна, тэдний
хэлтсээр хэд хоногийн өмнө үйлчлүүлсэн зай бага, үйлчлүүлэгчид ихтэй, яг
л салхитай өдөр ойн дунд яваа мэт чих дүнгэнээд байсан” гэж нэгэн
иргэн хэлсэн нь олон арван жагсаалт, эрэмбэлсээр ядрах янзтай байсан
иргэдийг хэсэгхэн хугацаанд сэргээгээд бас ухуулаад амжсан. Нээрээ л
иргэдээр эрэмбэлүүлсэн хөрөнгө оруулалтын жагсаалтад нилээд дээгүүрт
бичигдсэн нь иргэдийн дунд тус хэлтсийн үйл ажиллагааны ач холбогдол,
хэрэгцээг үнэлэх үнэлэмж өндөр, хийх ажлынх нь талаар хүлээлт түүнээс ч
их байгааг харуулах шиг санагдсан.
Монголын уул уурхайн орд газрын цөм нь тус аймгийн нутаг дэвсгэрт оршдог. Энэ ч үүднээсээ Засгийн газраас хэрэгжүүлж буй сум төслийн хүрээнд онцгойлон үзэх 11 сумын тоонд Өмнөговь аймгийн гурван ч сум багтжээ. Тиймээс эдгээр хөрөнгө оруулалт, уул уурхайн бүтээн байгуулалтыг даган ирэх иргэдийн усгалыг зохицуулах, эдгээр иргэдийн хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсрол, сургалтыг зохион байгуулах, хууль журмыг таниулан, хэрэгжүүлэх ажлыг тус Хөдөлмөрийн хэлтэс хариуцан ажиллах юм.
Түүнчлэн өөрсдийн бүлэгт тохирох хөдөлмөр эрхлэлтийн үйл ажиллагаа, хөтөлбөрт хамрагдах гэсэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, малчид, хоршоо нөхөрлөл, бүлгийн гишүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд ажилтай, ажилгүй бүхий л иргэд сум, багаас хөдөлмөрийн хэлтсийг зорих тул өргөн уудам нутаг шиг нь өргөн уудам ажлын талбай тэдэнд илүү их ажлын бүтээмж нэмж чадах мэт. “Ажилтай орлоготой Монгол хүн”-ий төлөө аливаа саадыг ажрахгүй ажиллах Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
Хөдөлмөрийн яамны Хяналт- шинжилгээ,
үнэлгээ, дотоод аудитын газрын
мэргэжилтэн “Эко-16” багийн
гишүүн А.Мөнхбат
2013.04.10