УИХ-аар батлуулсан Улаанбаатар хотыг
2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх
хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд
Нийслэлийн ЗДТГ, Жайка олон улсын байгууллагатай хамтран “Улаанбаатар
хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх, чадавхийг сайжрууулах”
төсөл, семинарыг зохион байгууллаа. Тус семинарт Нийслэлийн Засаг дарга
бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын Хот
байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат,
Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн Ерөнхий менежер Г.Нарангэрэл,
ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Като Тошинобу, Япон
Улсын Саппоро хотын захиргааны Хотын шинэчлэл, хөгжлийн албаны менежер
Цүбота Ясуши болон холбогдох албаны төлөөлөгч нар оролцлоо. Нийслэлийн
Засаг дарга семинарын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Бидний хүсэлт,
саналыг хүлээн авч ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх чадавхийг сайжруулах
энэ үйл ажиллагааг дэмжиж буй ЖАЙКА олон улсын байгууллагат талархал
илэрхийлье. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын дэд бүтэц буруу
системээр яваад байгаа юм. Үүний нэг тод жишээ автозамын хөдөлгөөнд үүсч
буй түгжрэл. Бид түгжрэлийг бууруулах зорилгоор шинээр зам тавьж,
өргөжүүлж, дугаарын хязгаарлалт хийж үзлээ. Үүнтэй зэрэгцэн машины тоо
улам л өсөөд түгжрэл хангалттай буурахгүй, асуудлыг шийдэж чадахгүй
байна. Иймээс энэ ерөнхий төлөвлөгөөнд нийтийн тээврийн үйлчилгээг
сайжруулах, цаашлаад метро барих гээд олон зорилтот хөтөлбөрийг тусгаж
өгсөн. Томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бидэнд бусад хотуудын
туршлага их хэрэгтэй байгаа юм. Тиймээс бидний хамтран зохион байгуулж
байгаа энэхүү семинар цагаа олсон үйл явдал болж байна” гэдгийг
тодотголоо.
Тэдний туршлагаар шинээр автозам барьж, өргөжүүлэх нь зөв ч нийтийн тээврийг шинэчлэн, орчин үеийн стандартад хүргэж, Метро барих ажлыг амжилттай хэрэгжүүлэх нь хотын дэд бүтцийн асуудлыг шийдэх зөв гарц болно гэлээ . Цаашид Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх чадавхийг сайжруулах төслийг хэрэгжүүлэхэд 2 тал хамтран ажиллах чиглэлээр харилцан санал солилцлоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.