Нийслэлийн Засаг дарга Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан зочид төлөөлөгчид, ард иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “Зарим арга хэмжээ” авах тухай захирамж гаргасан. Захирамжийн дагуу замын хэт их түгжрэлээс урьдчилан сэргийлж, тээврийн хэрэгслийн сүүлийн орноор нь дугаарын хязгаарлалтын бүсэд явахгүй байхаар түр зохицуулалт хийж байгаа. Харин энэ үеэр иргэдийнхээ ажлыг цалгардуулахгүйн тулд өнөөдрөөс эхлэн 4 өдрийн турш троллейбус үнэгүй үйлчлэх юм. Тиймээс иргэд нийтийн тээврээрээ үйлчлүүлж, цаг хугацаа алдалгүй ажлаа амжуулаарай гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.