Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл JCI
байгууллагын 2014 оны Ерөнхийлөгч Шайн Баскаран болон JCI Монгол
байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар JCI Монгол
байгууллагын 2014 оны Ерөнхийлөгч С.Сайнбат 2017 онд Ази Номхон далайн
бүсийн чуулга уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулах төлөвлөгөөтэй
байгаа бөгөөд тус үйл ажиллагааг Хотын захиргаатай хамтран зохион
байгуулах хүсэлтэй байгаа гэлээ.
Харин нийслэлийн Засаг дарга “JCI байгууллага нь ажил хэрэгч
залуучуудыг нэгтгэж чаддаг. Ази Номхон далайн бүсийн чуулга уулзалтыг
манай улсад 2017 онд зохион байгуулснаараа манай орны хөгжилд их чухал
нөлөөтэй. Чуулга уулзалтыг зохион байгуулахад бидний зүгээс бүхий л
талаар туслахад бэлэн байна” гэдгийг онцлон хэллээ.
JCI байгууллагын 2014 оны Ерөнхийлөгч ноён Шайн Баскаран нийслэлийн
Засаг дарга хүлээж авч уулзсанд талархал илэрхийлээд, байгууллагынхаа
талаар товч танилцуулсан. Шайн Баскаран нь 2013 оны Бразилын Рио Дэ
Жанэро хотноо зохиогдсон JCI Байгууллагын Дэлхийн чуулганы үеэр 2014 оны
Ерөнхийлөгчөөр Энэтхэг улсаас сонгогдсон юм. Тэрээр 1976 онд Энэтхэгийн
Натика хотод төрсөн. Худалдаа, Зочид буудалын удирдлага болон хуулийн
чиглэлээр мэргэжил эзэмшсэн. Hotel Dreamland, Dreams Color Lab, Golden
Gate Tours and Travels компаниудийн гүйцэтгэх захирлаар ажилладаг байна.
JCI байгууллага нь дэлхийн хэмжээнд залуу удирдагчид, ажил хэрэгч
хүмүүсийг сайн дурын үндсэн дээр нэгтгэн, идэвхтэй үйл ажиллагаа
явуулдаг олон улсын байгууллага юм. Байгуулагдсан цагаасаа Бизнес,
Хамтын ажиллагаа, Олон нийт, Хувь хүн гэсэн дөрвөн салбарт үйл
ажиллагаагаа явуулдаг бөгөөд НҮБ-ын ЮНИСЕФ, ЮНЕСКО-ын үйл ажиллагаанд
байнга идэвхтэй оролцож, 2011 оноос НҮБ-ын зөвлөх статустай байгууллага
болжээ. Өнөөдөр JCI байгууллага дэлхийн 120 гаруй оронд 5000 орчим
салбар байгууллагын 200.000 идэвхтэй, 1.000.000 гаруй дэмжигч гишүүдийг
эгнээндээ нэгтгэсэн томоохон олон улсын байгууллага болсон байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.