БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.МӨНХ-ОЧИРТОЙ ярилцлаа.
Батлан хамгаалах салбарт нийгмийн хамгааллын талаар баримтлах бодлогын гол цөм нь юу вэ?
-Цэргийн алба хаагчдын нийгмийн хамгаалал гэдэг нэр томъёоны цаана халамжийн бодлого биш, харин тэдний хөгжлийн асуудал түлхүү яригдах ёстой. Энэ нь цаг үетэйгээ нийлсэн, тэдний нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн байх учиртай юм. Мөн бусад салбарын нийгмийн хамгаалал, хөгжлийн асуудлаас ялгарах өвөрмөц онцлогтой, манай салбарын хүний нөөцийн удирдлагын урт хугацааны бодлоготой уялдуулах ёстой. Төрийн албаны тухай хууль, Цэргийн албан хаагчдын тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг үндэслэн цэргийн алба хаагчдын ажиллах нөхцөл боломж, нийгмийн баталгааг хангах, давуу эрх, хөнгөлөлт, тэтгэмж зэрэг нийгэм ахуйн баталгаагаар хангах үйл ажиллагааг зохицуулах зүй ёсны шаардлага байна. Хамгийн наад зах нь цэргийн анги, байгууллагыг бие бүрэлдэхүүний тогтвортой ажиллах, өөрийгөө хөгжүүлэх орчин болгох, цэргийн алба хаагчдаас албаа сэтгэл хоёрдохгүй хаах нөхцөл, боломжийг бүрдүүлэх ёстой юм.
Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн нийгмийн хамгааллын бодлогын талаар баримтлах чиглэлд “зорилтот бүлгүүдэд чиглэсэн нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлнэ” гэж заасан. Цэргийн алба хаагчид зорилтот бүлэг мөн эсэх талаар олон үзэл бодол гарч байна. Манай зарим удирдах ажилтан “зорилтот бүлэг” гэдэг үгийг “эмзэг давхарга” гэдэгтэй адил ойлгож, цэргийн алба хаагчдын нэр хүндэд сөрөг нөлөөтэй биш үү гэж эргэлзэж байгаа нь үнэн. Аливаа нэр томъёог хэрэглэхдээ зөвхөн нийгэм-эдийн засгийн учир холбогдлыг харгалзахаас гадна гоо зүй, сэтгэл зүйн үр дагаврыг ч бодолцох ёстой. Тиймээс бид энэ талаар одоогоор болгоомжтой хандаж, “зорилтот бүлэг” гэдэг үгийг тэр болгон хэрэглэхээс түдгэлзэж байгаа. Гэхдээ энэ нэр томъёоны илэрхийлэх жинхэнэ утга нь өөр л дөө. Цэргийн алба бол хүн амын бусад бүлгийн гүйцэтгэж буй ажил үүргээс ялгарах зарчмын онцлогтой тул үүнд тохирсон, өөр бүлгийнхэнд тохируулан хэрэглэж болохооргүй хөгжил, хамгааллын бодлого шаардагдана л гэсэн үг.
Өнөөдөр манай цэргийн алба хаагчдын хувьд тулгамдаж байгаа нийгмийн асуудлуудаас эн тэргүүнд орон сууцны хангамжийг сайжруулах, цалин хөлс, нэмэгдэл, нөхөн олговрын тогтолцоог шинэчлэх, гэр бүлийн гишүүдийн ажил эрхлэлт, боловсролыг сайжруулах, анги, байгууллагын тохижилтыг шинэ шатанд гаргах, эмнэлгийн үйлчилгээний нэр төрөл, чанарыг дээшлүүлэх, эрх зүйн хамгааллыг бэхжүүлэх гэсэн зургаан үндсэн чиглэлд анхаарлаа хандуулж байна. Эдгээрээс илүү тулгамдсан гэж хэлж болох хоёр, гурван асуудал дээр тогтож ярилцъя гэж бодож байна.
Тухайлбал?
-Орон сууцны хангамж. Шийдвэрлэх гурван үндсэн арга зам байна гэж үзэж, яамны удирдлага аль аль чиглэлээр нь эрэл хайгуул хийж байна. Нэг хувилбар нь, баригдаж буй албан тушаалын орон сууцны зарим барилгыг оршин суух алба хаагчидтай зөвшилцсөний дагуу хөнгөлөлттэй үнээр худалдан шилжүүлэх асуудлыг Засгийн газарт өргөн мэдүүлээд байна. Цаашдаа “албан тушаалын орон сууц” гэдэг ойлголтыг Зэвсэгт хүчний анги, салбаруудын байрлал дахь нэгдсэн стандарт бүхий барилга гэж ойлгох чиглэлтэй байгаа. Гэхдээ албан тушаалын орон сууц бол энэ асуудлыг шийдвэрлэх голлох арга зам байх ёсгүй. Алба хаагч шилжин томилогдсон, тэтгэвэр, чөлөөнд гарсан тохиолдолд ийм зохицуулалт ямар хүндрэл учруулдагийг та бид сайн мэдэж байгаа. Үнэндээ Зэвсэгт хүчний эгнээнд насаар нь ажиллуулчихаад тэтгэвэртээ гарах болоход нь албан тушаалын орон сууцаа суллаж өгөхийг шаардах нь эрх зүйн хувьд буруу зүйл биш боловч ёс зүй, хүнлэг ёсны хувьд байж болохгүй үзэгдэл.
Бас үүнээс шалтгаалаад салбарын хүний нөөцийн удирдлагын хамгийн чухал зарчим болох сэлгэн ажиллуулах бодлого хэрэгжихэд саад учирч байна. Үнэндээ офицер, ахлагч нар 3-4 жилийн давтамжтайгаар хэд хэдэн анги, байгууллага, цэргийн штаб, сургууль, дамжаа, энхийг дэмжих ажиллагаа гэсэн үндсэн хэдэн дамжлагаар дамжиж бэлтгэгдсэн байх ёстой. Гэтэл хэрэг дээрээ эдгээрийг аль нэгд нь ажиллах үедээ албан тушаалын орон сууцанд орсон бол тэндээсээ шилжихийг хэн ч хүсэхгүй. Яагаад гэвэл дараагийнх нь ажлын байранд орон сууцны баталгаа байхгүй. Тиймээс анги, байгууллага бүрт албан тушаалын орон сууцны бодит хэрэгцээг нарийвчлан тооцоолж гаргах ажил хүлээгдэж байна.
Тэгэхээр албан тушаалын орон сууц гэдэг нь хамгийн оновчтой хувилбар биш гэж ойлгож болох уу?
-Зайлшгүй шаардлагатай ч хамгийн оновчтой шийдэл биш. Түлхүү баримтлах бодлого бол алба хаагчдыг аль болох хувийн орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлэх чиглэл байх юм. Мөн орон сууцны хотхон барьж байгуулах. Цэргийн алба хаагчид харьцангуй өндөр үнэтэй биш, тохилог орон сууцаар хангагдах бодит шаардлага байгаа. Зэвсэгт хүчний барилга-инженерийн ангиудын нөөц, бололцоог дайчлан байгуулах боломжтой. Гагцхүү юу дутагдаж байна вэ гэхээр хурд, найдвартай гүйцэтгэл, чанар, аюулгүй байдал. Энд дурдсан зүйлс дээр яамны хувьд ч, оршин суугчдын хувьд ч ямар нэгэн эргэлзээгүй итгэл төрүүлсэн байх шаардлагатай. Бас хувийн хэвшлийн барилгын олон компани үйл ажиллагаагаа явуулж ашгийн төлөө ажиллаж байгаа хэрнээ санал болгож байгаа үнээс ашгийн төлөө бус байх ёстой манай ангиудын санал болгож байгаа үнэ өртөг илүү байж таарахгүй биз дээ? Ийм саад бэрхшээл байна шүү гэдгийг ний нуугүй хэлмээр байна.
Барилгын компаниудад дээрх шаардлагыг л тавьж байгаа. Аль болох хурдан хугацаанд, гэхдээ аюулгүй, чанартай гүйцэтгэгдсэн барилга хүлээж авах. Метр квадратын үнэ 1 сая 500 мянгаас доош, 1 сая 300 мянгын дотор багтах, түүнээс доош бол бүр сайн. Тухайн компани өөрөө арилжааны банктай гурван талт харилцаанд ороод, барилгын ажил гүйцэтгэх зээл авах, оршин суугчдыг ипотекийн зээлд хамруулах зэрэгт өөрөө санхүүгийн хувьд итгэлтэй аж ахуйн нэгж байх ёстой. Ийм болзлуудыг биелүүлсэн компанитай хамтарч ажиллахад бэлэн.Бидний санаачилгыг арилжааны банкуудаас дэмжиж, зарим нь хамтарч ажиллахаа илэрхийлээд байгаа. Тэгэхээр ийм хотхон байгуулах газрыг тогтоох, эзэмшлийн асуудлыг нэг мөр болгох ажил байна. Ийм хэд хэдэн зүйлсийг шийдчих юм бол ирэх хавраас барилгын нэлээд далайцтай ажил эхлүүлэх боломж харагдаж байна л даа.
Ипотекийн зээлийн асуудал нэлээд яригдаж байгаад чимээгүй болчих шиг боллоо?
-Гуравдахь хувилбар нь, зах зээл дээрээс орон сууц худалдаж авахад нь алба хаагчиддаа дэмжлэг үзүүлэх. Энэ нь 8 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдахад нь зуучилж, баталгааг нь гаргаж өгнө гэсэн үг. Уг нь энэ хавар, зун энэ чиглэлээр ахиц гарч эхэлж байсан ч одоо зогсонги байдалд ороод байна. Бидний санал болгож байгаа хувилбар бол арилжааны банктай харилцаж, тэндээс зээл авсан барилгын компанитай гурвалсан хамтын ажиллагаа эхлүүлье. Компаниудын санал болгож буй орон сууцнаас аль болох хямд үнэтэйг нь сонгож банкнаас ипотекийн зээл авахад нь зуучилъя. Харин урьдчилгаа 30 хувийн төлбөрийг аль болох цувуулж, эхний ээлжинд 5-10 ч юм уу, тэгээд хэдэн сарын дараа тодорхой хувийг нь гэх зэргээр алба хаагчдад дарамт багатай байдлаар зохицуулалт хийх нөхцлийг бүрдүүлье л гэсэн санал явж байсан. Мэдээж ийм тохиолдолд хүртэл урьдчилгаа төлбөр манай олон алба хаагчдын хувьд хүндрэлтэй байсан байх. Ингээд удаашралтай байгаа. Хамтрая гэж байсан банк бидний ийм олон сар дамжсан хүлээлтийг хараад сууж байх уу, үгүй юу гэдгийг хэлж мэдэхгүй. Уг нь хэтдээ төр, яам нь аж ахуйн ажилд шууд оролцоод, барилга байшин бариулаад байлгүйгээр иймэрхүү байдлаар шийдэх нь илүү прагматик алхам юм. Ямар ч гэсэн энэ чиглэлийн ажил орхигдохгүй, дээр хэлсэн “зорилтот бүлэг” гэдэг нэр ухагдахууныг түлхүү ойлгуулж, таниулж байж цэргийн алба хаагчдын хувьд, ер нь цэргийн энгийн гэлтгүй батлан хамгаалах салбарт ажиллагсдын хувьд урьдчилгаа төлбөр зэрэг бэрхшээлтэй асуудлаар дорвитой хөнгөлөлт эдлүүлэх эрх зүйн зохицуулалт хэрэгтэй юм байна гэдэг нь харагдлаа.
Заавал зээл, урьдчилгаа төлбөр зэрэг олон бэрхшээлтэй шат дамжлага давахгүйгээр илүү хялбар аргаар цэргийн алба хаагчиддаа дэмжлэг үзүүлж болдоггүй юм уу?
-Та яг миний хэлэх гэж бодож байсан зүйлийг асуулаа. Энд нэг зүйлийг зориуд онцолмоор байна. Төрөөс цэргийн алба хаагчдыг үнэгүй орон сууцаар хангах ёстой гэсэн үзэл бодол хааяа сонсогддог. Ийм бодит боломж манай эдийн засагт байхгүй, тэгээд ч энэ бол зах зээлийн нийгэмд байж болохгүй зарчим гэдгийг нийтээрээ ойлгомоор байна. Цэргийн алба бол онцгой алба. Хүнд хүчир алба. Цэргийн мэргэжил, амьдрал сонгосон хүн олон зүйлээ золиослох хэрэгтэй болдог. Тийм учраас аль ч улсын төр цэргийнхэндээ олон тооны хөнгөлөлт үзүүлдэг. Манайд ч ийм байх ёстой. Үүний нэг жишээ бол орон сууц худалдан авах нөхцөл нь ч бусад салбарт ажиллагсдаас давуу, илүү ачаалал багатай байх ёстой гэсэн зарчим. Бид үүнийг л баримталж байгаа. Гэхдээ цэргийн алба хаагч нь гэсэн Монгол Улсын иргэн. Адилхан л иргэний хувьд бусад иргэдээсээ хэт ялгавартай нөхцөл эдлэх, өөрийн амьдралын төлөө жаахан ч гэсэн хариуцлага үүрэхгүй бүх зүйлээ үнэ төлбөргүй төрөөр даалгана гэдэг үзэл бодлоосоо бид өөрсдөө ангижрах ёстой. Бидний оюун санаанд гарах ёстой сэтгэлгээний хувьсгал эндээс эхэлнэ гэдгийг л хэлмээр байна. Ер нь Канад зэрэг орнуудад манайх шиг орон сууцны асуудал хурцаар тавигдсан цаг үе байжээ. Гэхдээ тэд барилга байшин барих гэхээсээ илүү цалин, хөдөлмөрийн үнэлэмжийг нь л нэмэгдүүлэхэд анхаарч чадвал алба хаагчид өөрсдөө орон сууцныхаа асуудлыг шийдвэрлэх боломжтой болно гэсэн философиор хандсан юм байна лээ. Мэдээж тэдний амьжиргааны түвшин биднийхээс хол тасарсан тул шууд энэ туршлагыг хуулбарлах боломж одоогоор үгүй л дээ, гэхдээ алсдаа заавал бодож явах ёстой зүйл шүү.
Тэгэхээр хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх талаар юу хийж байгааг асуумаар байна?
-Цалин хангамж, нэмэгдлийн талаар хэд хэдэн ажил эхлүүлсэн. Улсын эдийн засгийн байдал, төр, засгаас хэмнэлтийн талаар гаргасан шийдвэр, тогтоол зэргийг дагаж энэ төслүүд тодорхой хугацаанд хүлээгдэх байх. Гэхдээ гар хумхиад сууна гэсэн үг биш. Одоо яамны хуулийн хэлтэс дээр зөвхөн манай салбарын харилцааг зохицуулсан хуулиуд төдийгүй иргэний бүхий л салбарын хуулиуд дотор манай алба хаагчдын эрх ашигт нийцсэн, тэдний бүхий л төрлийн цалин, нэмэгдлийг өсгөх, хөнгөлөлт эдлүүлэх чиглэлээр чимхлүүр ажил хийгдэж байгаа. Ганцхан жишээ дурдахад, сумын эмчид олгогддог нэмэгдэл Зэвсэгт хүчний ангийн эмчид яагаад нэгэн адил олгогдож болдоггүй юм бэ? Хуулинд ганц өгүүлбэр нэмж оруулаад л болох асуудал. Энэ мэт олон жишээ дурдаж болох байх. Эдгээрийг багц хуулийн төслүүдтэй хамтад нь өргөн барьж шийдвэрлүүлэх учиртай юм. Засгийн газарт хоёр ч удаа танилцуулахаар хүргүүлээд, биднээс үл хамаарах шалтгаанаар хойшлогдоод байгаа цолны цалинг шинэчлэн тогтоох тухай тогтоолын төсөл удахгүй хэлэлцэгдэж, дэмжигдэх байх гэж найдаж байна. Энэ нь Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, ялангуяа ахлагч нарын амьжиргаанд дэм болсон, нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилт нэг алхам урагшилсан зүйл болно. Төрийн албаны тухай хууль, тогтоомжид өөрчлөлт орох байх. “Нийтийн алба” гэж нэрлэх хандлага ч ажиглагдаж байна. Ийм тохиолдолд “цэргийн алба” гэсэн төрийн албаны онцгой, биеэ даасан алба хуульчлагдаж, цалингийн сүлжээ нь шинэчлэгдэн тогтоогдох ёстой. Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газарт энэ талаар саналаа танилцуулсан байгаа, дэлхийн бусад улсын жишгийг анхааралтай судалж байна.
Эрүүл мэндийн үйлчилгээний тухайд?
-Батлан хамгаалах салбарт ажиллагсад, тэдний гэр бүлд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээ гэдэг ойлголт олон талтай. Монгол Улсын төрийн тэргүүнээсээ эхлээд Засгийн газар, Батлан хамгаалахын сайд гээд дээд удирдлагын бүхий л түвшинд онцгой анхаарч байгаа асуудал бол цэргийн эмнэлгийн шинэчлэл. Үүнд тогтолцооны, бүтцийн, менежментийн, ур чадварын, зориулалтын, эцэст нь техник технологийн шинэчлэлийг цогцоор нь ойлгож байгаа. Цэргийн алба хаагчид, тэдний гэр бүлийн гишүүдэд бүгдэд нь эрүүл мэндийн хамгийн чанартай үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг болж хөгжих ёстой. Тиймээс жишээ нь, хүүхдийн, эмэгтэйчүүдийн зэрэг шинэ чиглэлүүд нэмэгдэнэ. Дээрээс нь улсын, нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн салбарын ачааллаас үүрэлцэх хувь хэмжээ нэмэгдэнэ. Ингэж байж эмч, эмнэлгийн ажилтны ур чадвар байнга дээшилнэ шүү дээ. Үүнд шаардагдах зохион байгуулалтын өөрчлөлт хийх санал боловсруулах чиглэлийг ЗХЖШ-ын ЦХҮГ-ын Эрүүл мэндийн хэлтэст өгөөд байгаа.
Би энд чанартай гэдэг үгийг зориуд онцлоод байна. Энэ бүх шинэчлэлээс ихэнх нь сэтгэл, зүтгэлээр хэрэгжүүлж болох ажил. Харин зайлшгүй хөрөнгө оруулалт шаардах нь тоног төхөөрөмжийн шинэчлэл. Яам энэ асуудлыг анхаарлынхаа төвд байлгасаар байна. Зарим шаардлагатай хэрэгслийг Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгөөр худалдан авалт хийж хүлээлгэн өгч байна, цаашид жил бүр тасралтгүй үргэлжлүүлнэ. Австри Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 7 сая евро буюу 18,2 тэрбум төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг лаборатори, дүрс оношлогоо, мэс засал, мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээ гэсэн тэргүүлэх дөрвөн нэгжид технологийн шинэчлэл эхлүүлэхээр болж, гэрээ байгуулсан. Өнгөрсөн долоо хоногт миний бие Австри Улсад ажиллаж, төсөл гүйцэтгэгч “АМЕ Интернэйшнл” компаний удирдлага болон тус улсын Сангийн Яамны нэрийн өмнөөс гадаад зээл олголтод хяналт тавьж, зөвшөөрөл олгодог “Өстэррайхише Кредит-контрол Банк” гэдэг байгууллагын дэд ерөнхийлөгчтэй уулзаж, төслөө үргэлжлүүлэх талаар ярилцаж, шулуухан хэлэхэд дахин зээл олгох хүсэлт тавилаа. Харилцагч тал зарчмын хувьд дэмжиж байна. Гэхдээ төслийн эхний шатны хэрэгжилт хэр шударга, шуурхай, ажил хэрэгч явагдаж байгааг биечлэн үзэж шалгана гэдгээ хэлж байна. Мөн нийлүүлсэн тоног төхөөрөмжийн ашиглалт, бүр тодруулбал, хэр олон үйлчлүүлэгчид үр ашгаа өгөх нөхцөл боломж бүрдэж байгааг ажиглана. Бид хэрэглэгчийн хувьд хүлээсэн үүргээ биелүүлж чадах, түншдээ хариуцлагатай, найдвартай харилцагч гэсэн итгэл төрүүлж чадах юм бол төсөл үргэлжилнэ.
Тийм хэмжээний зээл олгоход тавих шалгуур, шаардлага нь их л өндөр байх болов уу?
-Шаардлага өндөр, гэхдээ тийм ч хэцүү биш. Гол нь бид итгэлтэй, хариуцлагатай түнш гэдгээ л харуулах ёстой. Хүлээн авч байгаа тоног төхөөрөмжөө өндөр үнэтэй, анагаах ухаан, анагаахын техник, технологи өндөр хөгжсөн орны хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүн гээд хав дараад суугаад байхгүй, аль болох олон хүнд үр өгөөжийг нь гаргах, эвдрэл гэмтлээс сайн сэргийлж, эмч нар нь стандартын дагуу зөв ажиллуулж чаддаг байх хэрэгтэй. Дээрээс нь хүнд суртал, чирэгдэлгүй орчин үеийн менежментээр ажиллах ёстой. Энэ бүхнийг хийхэд хэцүү биш шүү дээ. Сэтгэл, зүтгэл хоёр байхад амархан хийж болох зүйлс.
Гэхдээ энэ бол дан ганц эмнэлгийн дотоод асуудал биш. Энд хамаатай хоёр асуудлыг маш нухацтай анхаарч, тал талаас нь дэмжлэг үзүүлэх ёстой. Цэргийн алба хаагчид бид өөрсдөө хувь хүнийхээ үүднээс шүү. Эмнэлгийн үйлчлэх хүрээ нэлээд өргөжинө. Энэ бол зээл олгогч талын шаардлага төдийгүй, Засгийн газраас өгсөн чиглэл. Улсынхаа эрүүл мэндийн салбарын ачаалал, ялангуяа нийслэл хотын ачааллаас илүү үүрэлцэнэ. Тэгж байж чанарын ахиц гарна. Цэргийн эмнэлгийн хувьд НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцох үүргээ тасалдалгүй, нэр төртэй гүйцэтгэнэ. Гэхдээ энэ нь үйл ажиллагаагаа дан ганц ЭДА-аар эсвэл цэргийн алба хаагчдад үнэ төлбөргүй, аргацаасан чанаргүй үйлчилгээ үзүүлэхээр хязгаарлана гэсэн үг биш. Энэ талаар буруу ойлголттой хүмүүс байх шиг санагддаг. Тэргүүлэх ач холбогдол, зорилго, зорилт их өөр болно гэсэн үг. Хоёрт, үнэгүй юм чанаргүй, муу байдаг. Би өнөө маргаашийг яриагүй байна, алсдаа цэргийн алба хаагчид бид өөрсдөө, өөрсдийн гэр бүлийнхэндээ авч байгаа эмнэлгийн үйлчилгээний чанарыг үнэхээр л сайжруулахыг хүсэж байгаа юм бол зарим төрлийн үйлчилгээнд бага боловч үнэ төлбөр төлөх ёстой гэсэн ухамсрыг өөрсөддөө, оюун тархиндаа суулгаж эхэлмээр байна. Энэ хоёр ойлголтыг салбарынхаа хэмжээнд нэг мөр болгохгүй бол хөгжил дэвшил биш, зүгээр халамжийн тухай ярьсаар л байх болох нь...