Албан шаардлага, зөвлөмжийн мөрөөр илэрсэн хүний эрхийн зөрчлийг арилгах чиглэлээр аймгийн ШШГА, Цагдаагийн газраас тодорхой ажлууд зохион байгуулсан байна. Тухайлбал: Эрүүлжүүлэх баривчлах байранд хугацаа хэтэрсэн 49850 төгрөгийн эм тариаг устгалд оруулж, нөхөн хангалт хийж, холбогдох ажилтанд хариуцлага тооцсон бол, ШШГА-ны Цагдан хорих байранд байгалийн гэрэлтүүлэг маш муу, аж ахуйн үйлчилгээнд ажиллаж буй 5 ялтныг хорих өрөөнд байрлуулах, хоригдож байгаа этгээдийн хувцас, эд зүйлийн хадгалалт хангалтгүй, хоригдогч нарт бал цаас байлгахыг хориглодог зэрэг зөрчил илэрсэнийг арилгасан байна. Аймгийн ШШГА-наас төсвийн хөрөнгө оруулалтаар стандартын шаардлага хангасан шинэ Цагдан хорих байрыг барьж эхлээд байгаа бөгөөд уг байр ашиглалтанд орсноор илэрсэн зөрчил дутагдал бүрэн шийдвэрлэгдэх боломж бүрдэх юм.
Увс аймаг дахь Хүний эрхийн комисс
