Ховдын хязгаарын сайд, Төгс хүлэг Далай хан Г.Түмэндэлгэржав мэндэлсний 140 жилийн ойг тохиолдуулан түүний намтар, түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, ХХ зууны эхэн үеийн Ховдын хязгаарын улс төрийн түүх, соёлын талаар хийгдсэн судалгааны үр дүнтэй танилцаж, судалгааг идэвхжүүлэх зорилгоор Увс аймгийн ЗДТГ, ТОД НОМЫН ГЭРЭЛ ТӨВ хамтран эрдэм шинжилгээний хурлыг Улаангомд зохион байгууллаа.
Хуралд Увс аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд, Засаг дарга Д.Цэндсүрэн, Далай хааны ач хүү Д.Маамуу, Тод номын гэрэл төвийн УЗ-ийн дарга Б.Бат-Амгалан, доктор, дэд профессор На.Сүхбаатар, МУИС, МУБИС, Ховд ИС, ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Улаангом политехник коллеж, Дэчинравжайлин хийд зэрэг байгууллагын эрдэмтэн судлаачид оролцлоо.
Манай орны үндэсний хувьсгал ардчилсан хувьсгалын ялалт, түүнийг баталгаажуулах үйл хэрэгт ихээхэн хувь нэмэр гаргасан түүхэн бие хүний нэг бол Дөрвөд далай хан Г.Түмэндэлгэржав билээ.
Бат ерөөлт, Үнэн сүсэгт, Төгс хүлэг Далай хан Галсаннамжилын Түмэндэлгэржав нь баруун хязгаарыг сэргийлэн батлах хамаарсан сайд, Монгол улсын Сангийн яамны сайд, Ховдод сууж хэрэг шийтгэх сайд, Баруун монголын Ардын засгийн газрын ерөнхий сайд, Ховдын хязгаарын сайд, Дөрвөдийн зүүн гарын чуулганы даргын алба хашиж байлаа.
Энэхүү арга хэмжээний хүрээнд Сагил суманд Далай ханы хошууны ихэс дээдсийн нутаглаж байсан “Ноён тохой” хэмээх газар дурсгалын самбар босгов. Мөн Түргэн сумын төвд буй “Түмэндэлгэржавын хөшөөнд цэцэг өргөх, Төгсбуянтын хүрээний туурь, Баруун монголын Ардын засгийн газар байгуулагдаж байсан Мөст бэлчирийн дурсгалын гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
П.Дариймаа