Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар уул уурхайн салбарын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Засгийн газраас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийг тооцох аргачлалыг шинэчилж, уул уурхайн бирж буюу Монголын хөрөнгийн биржийн арилжааны үнээр АМНАТ тооцохоор шийдвэрлэсэн билээ. Учир нь АМНАТ тооцох аргачлалд өөрчлөлт оруулахгүй бол уул уурхайн салбарын аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүнээс бодит борлуулалтын үнэлгээнээс өндөр төлбөр авч, санхүүгийн дарамт үүсээд байсан юм. Тухайлбал, баяжуулсан коксжих нүүрс 22.6, хайлуур жонш 54.3, төмрийн хүдэр 26.6 хувь илүү үнээр тооцож байсныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хэллээ.
АМНАТ-ийг олон улсын жишиг үнээр тооцдог байсан нь түүхий эдийн үнэ өндөр байх үед компаниудад эергээр нөлөөлж байсан боловч үнэ буурахад алдагдалд орж, компаниудын үйл ажиллагаа доголдоход хүрсэн байна. Бодит үнэлгээнд тулгуурласан, биржийн үнээр тооцдог зарчимд шилжүүлсэнд талархалтай байгаагаа “Энержи Ресурс” ХХК-ийн захирал Д.Энхбат хэлээд энэхүү шийдвэрийн хэрэгжих хугацааг цаашид дахин сунгаж өгөхийг хүслээ. АМНАТ тооцох аргачлалд өөрчлөлт оруулсан Засгийн газрын шийдвэр он дуустал үргэлжлэхээр байгаа юм.
Биржийн арилжаанд оролцдоггүй бусад нэр төрлийн нүүрсэнд АМНАТ ногдуулдаг болох саналыг Монголын нүүрсний ассоциацийн ерөнхийлөгч Б.Бямбадагва гаргалаа. АМНАТ тооцох шинэ аргачлалаар, аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнийхээ дөрөвний нэгийг биржээр арилжаалбал нийт бүтээгдэхүүнийхээ үнэлгээг Монголын хөрөнгийн биржийн үнэлгээгээр тооцож АМНАТ төлөхөөр болж байгаа юм. Ингэснээр биржийн арилжаа нэмэгдэж, улсын төсөвт 100 тэрбум төгрөгийн нэмэлт орлого төвлөрүүлэх тооцоог Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас танилцууллаа.
“Ган хүдэр орд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Мандахбаяр АМНАТ-ийг давхардуулан авч байгааг судалж, уул уурхайн салбарт бизнес эрхлэгчдэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарахыг хүслээ. Түүний саналыг судалж ажиллахыг Ерөнхий сайд Сангийн яаманд чиглэл болголоо.