Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 375 жилийн ойг
угтаж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Ерөнхий
төлөвлөгөөний газар Урлагийн байгууллагуудтай хамтран Монголд анх удаа
орон зайн урлагийн наадмыг зохион байгуулах гэж байна. Тус наадам нь
уран бүтээлчдийн бүтээлч сэтгэлгээг урамшуулан дэмжих, нийслэлийн
иргэдийн сэтгэл ханамж тав тухыг нэмэгдүүлэх, нийслэлд үгүйлэгдэж буй
чимэглэлийн жижиг баримлын төрлийг хөгжүүлэх зорилготой юм. Наадамд
урлагийн байгууллагууд, чөлөөт уран бүтээлчид, сонирхогчид болон оюутан
сурагчид багаар болон бие даан оролцох боломжтой. Оролцогчид чөлөөт
сэдвийн дор баримлын бүх төрлийн материалыг ашиглан оролцож болох юм.
Зохион байгуулагчдын зүгээс бүтээлд дараахь шаардлагыг тавьж байна.
- Олон нийтэд эерэг сэтгэлгээ төрүүлэхүйц амьд харилцааг бий болгосон
- Хэмжээ нь 2 метрээс өндөргүй байвал зохистой
- Наадамд хийгдэх бүтээл нь чанарын шаардлага хангасан удаан жилийн эдэлгээтэй байх
Харин зохион байгуулалтын хувьд оролцох бүтээлүүдийн эх загварыг ажлын хэсэг дээр урьдчилан хүлээн авч шилдэг 30 бүтээлийг шалгаруулан наадамд оролцуулна. Нэг баг, уран бүтээлч хэдэн ч загвар ирүүлж болох бөгөөд бүтээлийн эх загварыг 40 см хэмжээтэй байхаар, 3 хэмжээст программд оруулан танилцуулах хэлбэрээр хүлээн авна. Загвартай хамт бүтээлийг бодитоор хийх хэмжээ, материалын зардал, бүтээлийн агуулга тайлбар, уран бүтээлчийн тухай товч танилцуулга зэргийг хавсарган ирүүлнэ.
Наадамд шалгарсан загварыг 2014 оны 06 дугаар сарын 24- нд олон нийтэд танилцуулах бөгөөд шилдэг бүтээлийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2014 оны 07 дугаар сарын 05 наас 14-ний өдрүүдэд бүтээн байршуулна.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бүтээгдсэн бүтээлүүдээс шилдэг 3 бүтээлийг шалгаруулж тус бүр дурсгалын цом, 5 сая төгрөгөөр шагнаж урамшуулна. Мөн оролцсон бүх багуудад ивээн тэтгэгчдийн шагнал, дурсгалын зүйл олгох юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.