Зуслангийн улирал эхлэж байгаатай холбогдуулан авто замын хөдөлгөөний
хэт ачааллыг бууруулах хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор
Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 7 буудал орчмын зогсоолын талбайг
шинэчлэн өөрчлөх, эцсийн буудлыг шилжүүлэх саналыг “Улаанбаатар хотын
замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлыг зохион байгуулах, нэгдсэн
удирдлагаар хангах ажлын хэсэг”-ээс гаргасан билээ.
Энэхүү ажлын хүрээнд нийслэлийн Авто замын газраас "Наранбулаг Хан"
ХХК-тай гэрээ байгуулж, "Зунжин" худалдааны төвийн баруун талбайд 3150
м.кв талбай бүхий автобусны эцсийн зогсоол, чиглэлийн автобус зогсоод
хөдлөх дундын 2 зогсоол, 4 хэсэгт хүлээлгийн зогсоол буюу явган хүний 3 м
өргөнтэй, 130 м урттай зам барих ажлыг эхлүүлээд байна. Ирэх 7 дугаар
сарын 01-нд зогсоолыг иж бүрэн хүлээлгэн өгөх гэрээтэй бөгөөд төлөвлөсөн
хугацаанаас өмнө ашиглалтад өгөхөөр зорьж байна. Одоогийн байдлаар
газар шорооны ажил 50 хувьтай байгаа юм гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.