“Хөх монгол чацаргана” ХХК-ний 4 га чацарганы талбайд гарсан түймрийг эр зориг гарган, иргэний үүргээ нэр төртэй биелүүлэн унтраасан Багануур дүүргийн 5 дугаар хорооны иргэн С.Батбилгийг өнөөдөр дүүргийн хүндэт тэмдэгээр шагнасныг Засаг дарга М.Гончигжав гардууллаа. Тэмдэгийг гардуулан өгөх үеэрээ дүүргийн Засаг дарга “Хэлж ирдэггүй хийсч ирдэг байгалийн гамшгийн өмнө иргэн хүн эр зориг гарган зогсож чадсанд гүнээ талархаж байна. Энэхүү галыг тухайн үед нь зогсоогоогүй бол асар их хэмжээний хохирол учирах байсан. Онцгой байдлын хэлтсийг очих хүртэл бүхий л арга хэмжээг авч, галыг унтрааж чадсан таны гавъяаг дүүрэг үнэлэж байна” гэсэн бол иргэн С.Батбилэг “Миний өчүүхэн зоригийг үнэлэн хүндэт иргэн болгож байгаад баяртай байна. Онцгой байдлын хэлтэс энэ үед маш хурдан ирсэн. Тэдний хичээл зүтгэлийг ч энд дурдах нь зөв” хэмээлээ.