Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 02 сарын 13-ны өдөр болж, “Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 375 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах комисс байгуулах тухай” асуудлыг хэлэлцлээ.
Уг асуудлыг хуралдаанд нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа. Танилцуулгад “Нийслэл хотын анхны үүслийн өлгий Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын шав тавигдаж эдүгээ Нийслэлийн 375 жилийн тохиож байна. Нийслэлийн удирдлагын зүгээс нийслэлийн өдрийн үйл ажиллагааг тухайн жилд хийсэн ажлаа дүгнэх өдөр болгон тэмдэглэж байхаар болсон бөгөөд өнгөрсөн жил хот тохижилт, нийтийн тээвэр, хог хаягдал, дэд бүтэц, гэр хорооллын дахин төлөвлөлт зэрэг олон чиглэлээр бүтээн байгуулалтын ажлыг хийж, тодорхой үр дүнд эхнээсээ хүрч байна. Нийслэлийн иргэдийн дуу хоолойг сонсож, тэдний санал хүсэлтийг гаргаж буй шийдвэр, бүтээн байгуулалт, бүтээлч ажилдаа тусган хэрэгжүүлж байгаад иргэд таатай хүлээн авч байна” гэдгийг онцлон дурдлаа.
2014 онд Нийслэлийн 375 жил, тэгш ой тохиож байгаа тул түүхт ойг тохиолдуулан нэгдсэн зохион байгуулалтаар тодорхой ажлуудыг хэрэгжүүлэхээр зохион байгуулалт, тохижилт, хэвлэл мэдээлэл, соёл урлагийн чиглэл гээд 4 салбараас бүрдсэн комисс байгуулахаар төлөвлөжээ. Түүхт ойн хүрээнд хүндэтгэлийн үйл ажиллагаанаас гадна тухайн жилд хийж хэрэгжүүлсэн ажлаа иргэддээ тайлагнаж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхэд багачууд, залуучуудыг нийслэлийнхээ түүх, бүтээн байгуулалтаар бахархах, нийтийн соёлыг дэлгэрүүлэх хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлнэ. Мөн энэ онд нийслэлд хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудыг Улаанбаатар хотын түүхт ойтой уялдуулан өрнүүлэхээр төлөвлөсөн талаар нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё. Гэрэлчулуун танилцуулсан юм.
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүд 2014 онд Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 375 жил, тэгш ой тохиож байгаа тул зохион байгуулах комисс байгуулж, төлөвлөгөө гарган ажиллах саналыг дэмжиж зохион байгуулах комисс байгуулах тогтоолын төслийг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд өргөн барихаар боллоо. Тогтоолын төсөлд тус ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нарийн бичгийн даргаар нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун ажиллахаар тусгасан юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.