Багануурчууд бид бүхний удтал хүлээсэн “Усан спорт боулингийн төв” үүд хаалгаа нээн Багануурчууд, залуучууд та бүхнийгээ хүлээн авч эхэллээ. Өнөөдөр тус байгууллагын үйл ажиллагааг эхлүүлэх ёслолын ажиллагаа болсон бөгөөд ёслолд дүүргийн Засаг дарга М.Гончигжав, ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэлийн зөвлөх, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Ц.Төмөрбаатар, дүүрэгт үйл ажиллагаагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагууд, дүүргийн иргэд өргөнөөр хүрэлцэн ирж оролцлоо. Дүүргийн Засаг дарга тус төвийн үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт бүрийн цаана хүний хөгжил байдаг. Өнөөдөр хүүхэд залуучууд маань спортоор хичээллэн чөлөөт цагаа өнгөрүүлэх газартай болох, бие бялдрын өв тэгш хүмүүжил олох газрын тоо нэгээн нэмэгдэж байгаа бол нөгөө талаасаа 26 иргэнийг ажлын байраар тогтвортой хангах байгууллага үйл ажиллагаагаа эхлүүлж байна” хэмээн онцлон хэллээ. 2011 онд шавыг нь тавьж байсан тус төв он дамнан баригдаж, сайн муу хэл ам олныг дагуулсан ч өнөөдөр иргэдийнхээ өмнө ийнхүү үүд хаалгаа нээж байгаад иргэд ч баяртай байлаа. Нээлтийн ёслолд хүрэлцэн ирсэн хүмүүст хөнгөлттэй үнээр үйлчлүүлэх эрхийн бичиг олгон, боулингийн анхан шатны мэдээлэл өгч, усан спорт төвийн үйл ажиллагаатай танилцуулан, онцгой байдлын хэлтсийн алба хаагчдын үзүүлэх тоглолт сонирхууллаа.
Дүүргийн төр захиргааны байгууллагаас иргэдийнхээ эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, биеийн тамирыг бүх нийтийн хүртээл болгох чиглэлд бодлого баримтлан ажиллаж байгаа бөгөөд тус төв ашиглалтад орж байгаатай холбоотойгоор 8 сая төгрөгийн иж бүрэн лабраториор хангасан байна. Цаашид ч тус байгууллагаас дүүргийн Засаг дарга, ЗДТГ-тай нягт хамтран ажиллаж залуучуудын сонголтыг спирт бус спорт байлгахад анхааран ажиллахаа нээлтийн ёслолын үеэр “Усан спорт боулингийн төв”-ийн захирал Б.Батбилиг хэлж байлаа.