2013 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 28 төрлийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлээд байгаа билээ. Оны эхэнд иргэдээсээ асууж, төсөл хөтөлбөрүүдээ эрэмбэлснээс алслагдсан хоёрдугаар хороо, гуравдугаар хорооны Хилчин хэсгийн иргэдээс усны хангамжийг сайжруулах санал гарч байсан. Энэхүү саналыг ажил хэрэг болгон Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар тус бүр 30 сая төгрөгийн өртөг бүхий зөөврийн усан санг байгуулан үйл ажиллагааг нь эхлүүллээ. Усан сангуудын барилгыг “Прогресс цамхаг” ХХК барьсан бөгөөд ус хадгалах сав, дамжуулах хоолой зэрэг нь стандарт шаардлага хангасан, өмнө нь дүүрэгт баригдаж байсан усан сангуудаас технологийн хувьд нэлээд дэвшилттэй юм байна.
Хоёрдугаар хороонд үйл ажиллагаагаа явуулж байсан зөөврийн усан сан 30 гаруй жил болж, элэгдэлд орсон, байнга хөлддөг гэсэн гомдол иргэдээс ирдэг байсан бол шинэ усан сан ашиглалтад орсоноор газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг тус хорооныхны хувьд усны гачигдалд орохооргүй болж байгаа юм. Харин гуравдугаар хорооны Хилчин хэсгийн иргэдийн хувьд төмөр замын далан давж усаа авдаг, үүнээсээ шалтгаалан өвөл хальтирч бэртэж гэмтэх тохиолдолд их гардаг байсан гэдгийг хэлж байгаа юм. Тухайн орчинд амьдарч байгаа иргэдийн санал хүсэлтийг сонсон ойр худагтай болгож өгсөнд талархаж байгаагаа ч иргэд хэлж байлаа.