Тусгаар тогтнолоо тунхаглан зарлаад байгаа дэлхийн хамгийн отгон улс болох Өмнөд Судан улсад НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд амжилттай оролцож, үүргээ биелүүлээд ирсэн Монгол улсын Зэвсэгт хүчний хоёрдугаар ээлжийн цэргийн багийнхны сүүлчийн хэсэг буюу 210 гаруй цэнхэр дуулгатан өнгөрсөн бямба гаригт эх орондоо ирлээ. “Сүүлийн тэмээний ачаа хүнд” гэдэг шиг эдгээр алба хаагчид тухайн орныг зорьсон III ээлжийнхэндээ ажлаа хүлээлцэж, газар орны онцлог, албан үүрийнхээ талаар нүүр тулан хэлэлцэж, үүргээ гүйцэтгээд ирэхэд нь Монгол улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний командлагч Ц.Элбэгдорж, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй батлан хамгаалах, зэвсэгт хүчнийхэн, ар гэрийнхэн, болон хэвлэлийнхэн угтан, хүндэтгэлтэйгээр хүлээн авсан юм. Тусгаар тогтнолоо зарласан ч цагийн байдал тайван бус, дэлбэрэлт, дайны хөлийн чимээ төдий л тасраагүй байгаа, мөн энх цагийн хүмүүнлэгийн ажил эрчимтэй яваа Өмнөд Суданд үүргээ гүйцэтгэж, эх орныхоо нэрийг мандуулаад ирсэн цэрэг дайчдаа эсэн мэнд, бүрэн бүтэн эргэж ирсэнд нь Монгол улсын тэргүүний хувьд, аав хүний хувьд баярлаж байгаагаа ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ онцолно билээ. Түүний хүү Э.Эрдэнэ тус II ээлжинд үүрэг гүйцэтгээд, ирсэн юм.
Үүргээ амжилттай гүйцэтгэж, энхийг сахиулаад ирсэн дайчиддаа төрийн тэргүүн, салбарын сайд төрийн одон медаль, шагнал гардуулсан нь угтах үйл ажиллагааны нэг хэсэг байлаа. Ингээд “Цэргийн гавьяаны одон”-гоор ЗХ-ний 150 дугаар ангийн салаан захирагчийн орлогч Д.Энхжаргал, Д.Отгонбаяр, тус ангийн ротын ахлагч Г.Содбаяр, 330 дугаар ангийн ротын ахлагч Б.Мөнх-Амгалан, 150 дугаар ангийн ротын захирагч Я.Оросоо нарыг, “Цэргийн хүндэт медаль”-аар ЗХ-ний 186 дугаар ангийн химийн албаны дарга Б.Бат-Амгалан нарын 29 цэнхэр дуулгатанг, “Энхийн төлөө” медалиар ЗХ-ний 027 дугаары ангийн лабораторийн эмч Э.Эрдэнэ нарын мотобуудлагын хоёрдугаар батальоны нийт бие бүрэлдэхүүнийг шагнан урамшууллаа.
Өмнөд Суданы II ээлжийн мотобуудлагын бие бүрэлдэхүүнд Зэвсэгт хүчний 38 анги байгууллага, Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тусгай чиг үүрэг бүхий долоон байгууллагын 850 цэнхэр дуулгатнууд хурандаа Ч.Түмэндэмбэрэл захирагчтайгаар алба хаасан юм. НҮБ-аас явуулж байгаа энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй алба хаагчдын үүрэг оролцоог нэмэгдүүлэх уриалга гаргасанчлан цэрэг эрсийн зориг тэвчээр шавхсан амаргүй энэ албанд манай 30 орчим эмэгтэй алба хаагчид эрчүүдтэй мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэсэн юм.
Энэ ээлжийн алба хаагчид харуул хамгаалалт хийх үндсэн үүргийнхээ зэрэгцээ 53 000 гаруй км агаарын болон газрын хол, ойрын эргүүлийг чанартай зохион байгуулж, усан эргүүлээр дүрвэгсэд болон орон нутгийн иргэдийг авран гаргаж, олон мянган хүний амь насыг хамгаалж, Юнити мужийн Бентью хотын “HOGAS” өнчин хүүхдийн асрамжийн газрын тохижилт, засварыг хийсэн, дайны уршгаар гэр орноосоо дайжсан, зэвсэгт бүлэглэлүүдийн хөдөлгөөнд оролцож, тэдний гар хөл болж байсан насанд хүрээгүй хүүхдүүдийг нийгэмшүүлэх ажилд оролцон, 27 хүүхдийг аюулгүй газар тээвэрлэн, амжилттай хүргэсэн, “Тусгаар тогтнолын стадион”-д хана барилга угсралтын ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэсэн гээд тухайн орны ард иргэдийн талархлыг хүлээж, НҮБ-ын удирдлагуудын зүгээс сайшаал хүртсэн олон ажлыг хийж гүйцэтгэжээ.
Мөн иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх ажлын хүрээнд Юнити мужийн Парианг суурингийн орон нутгийн бага сургууль, Рубконо сумын 1500 хүүхдийн дунд сургууль зэргийг үндсэн үүргийнхээ зэрэгцээ маш богино хугацаанд барьж, засварлаж өгсөнд нутгийн ард түмэн маш талархалтай хандсан талаар өмнө нь манай хэвлэлүүд өгүүлж байсан билээ.