Нийслэлийн Засаг даргын А/984 тоот захирамжийн дагуу “Иргэний оролцоотой төсөв-2014” кампанит ажлыг хороо бүрт зохион байгуулж байна. 2013 оны 11 сарын 12-нд нийслэлийн 46 хороонд шууд хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт НИТХ-ын Төлөөлөгчид, нийслэлийн удирдлагууд болон Дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид оролцож иргэдийн саналыг нэгтгэж байгаа юм. Өчигдөр Баянзүрх дүүргийн 4-р хорооны шууд хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл болон Нийслэлийн Хөдөлмөрийн газрын дарга Н.Тунгалаг, хорооны иргэд оролцлоо. Тус хороо нь 3980 өрх, 14 287 иргэнтэй бөгөөд “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлэгт 82 хувь нь хамрагдаж саналаа өгсөн байна. Баянзүрх дүүргийн 4-р хорооны хувьд байшин болон гэр хороолол, хосолсон хороо юм. Тиймээс санал асуулгын дүн тус тусдаа гарсан байна. Гэр хорооллын айл өрхийн 58,7 хувь нь цэцэрлэг бариулах санал өгсөн бол, байшин хорооллын иргэдийн өгсөн саналаас цэцэрлэг барих санал илүүхувьавсан байна. гэр хорооллын өрхийн 65,8 хувь нь автозам, 53 хувь нь нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр, 53,3 хувь нь гэрэлтүүлэг нэмэгдүүлэх чиглэлээр саналаа өгсөн бол гал команд түргэн тусламжийн үйлчилгээг хүргэхэд саад учруулж байгаа барилга, хашаа, хаалтыг чөлөөлөх гэж 50,5 хувь нь саналаа өгчээ. Харин байшин хорооллын хувьд дэд бүтцийн чиглэлээр 26,8 нэгдсэн автомашины гаражтай болох, нийтийн үйлчилгээний чиглэлд байрныхаа гадна дулаалга хийлгэх, ногоон байгууламжтай болохыг 53,3 хувь, Аюулгүй байдлын чиглэлээр Хяналтын камер шаардлагатай гэж 40,8 хувь саналаа өгчээ. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудалхариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, нийслэлээс зохион байгуулж буй ирэх оны төсөвтэй холбоотой санал асуулгад иргэд идэвхтэй оролцож байгаад талархалаа илэрхийлээд “Иргэд маань үр хүүхэд, ирээдүйнхээ сайн сайхны төлөө саналаа өгсөн. Тиймээс одоо ямар бүтээн байгуултад хөрөнгө мөнгө төсөвлөх талаар саналаа нэгтгэнэ” гэлээ. Тус хороонд хүүхдийн цэцэрлэг байхгүй учраас нэн тэргүүнд цэцэрлэг шаардлагатай гэндэг дээр иргэд саналаа нэгтгэсэн юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.