НИТХ-ын дарга Д.Баттулга өнөөдөр ОХУ-ын Буриад улсын Ардын Хурлын даргын орлогч Семенов Бато Цырендондокович тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга “Та бүхнийг Улаанбаатар хотод айлчилж байгаад баяртай байна. Улаанбаатар хот ОХУ-ын Буриад улстай 1995 оноос эхлэн найрамдалт харилцаа тогтоож, хамтран ажиллах гэрээ байгуулснаар оюутан сурагч солилцох, соёл урлаг спортын бүхий л салбарт хамтран ажиллаж, соёлын өдрүүдийг амжилттай зохион байгуулж ирсэн. Тиймээс цаашид НИТХ-аас бүх салбарт хамтран ажиллахад дэмжиж ажиллана” гэлээ. ОХУ-ын Буриад улсын Ардын хурал саяхан бүтэц бүрэлдэхүүнээ өөрчлөн шинэчилж 76 төлөөлөгчтэй болсон байна. Семенов Бато Цырендондокович хэлэхдээ хоёр хот цаашид ИТХ үйл ажиллагааг шинэ шатанд хүргэж, улам өргөн хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.