Монголын үе үеийн шилдэг сэхээтнүүд, улс ардын аж ахуй, соёл урлаг, анагаах ухаан, шинжлэх ухааны салбарт манлайлагчдыг бэлтгэн төгсгөсөн Д.Сүхбаатарын нэрэмжит Офицерийн сургуулийн 70 жилийн ойн баярын ёслолын ажиллагаа 11 дүгээр сарын 05-ны өдрийн 11.00 цагт Батлан хамгаалах их сургуулийн байранд болно.
Офицерийн сургуулийн төгсөгчдөөс төрийн соёрхолт, ардын эмч Ж.Хайрулла, БХ-ын сайд асан, дэслэгч генерал Л.Моломжамц, хошууч генерал С.Гомбосүрэн, хөдөлмөрийн баатар Г.Мандах, хошууч генерал О.Отгонжаргал нарын тавь гаруй ахмадууд төрөлх сургуулийнхаа ойн баярт хүрэлцэн ирэх ажээ. Офицерийн сургууль нь 1943-1954 оны хооронд 7 удаагийн төгсөлт хийж, нийт 386 хүн төгсгөсөн ч түүхэн хувь заяагаар оногдсон үүргээ нэр төртэй биелүүлж, батлан хамгаалах салбарын хүчин чадлыг бэхжүүлэх хийгээд улс орныхоо ирээдүйн хөгжил цэцэглэлтэнд үнэлж баршгүй хувь нэмрийг оруулсан билээ. Тухайлбал, тус сургуулийн төгсөгчдөөс хөдөлмөрийн баатар 4, ардын цолтон 4, гавьяат цолтон 29, төрийн соёрхолт 6, генерал 8, төрийн сайд 3, орлогч сайд 15, онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд 2, академич 3, шинжлэх ухааны доктор 6, боловсролын доктор 50, хурандаа 31 тус тус төрөн гарсан төдийгүй өнөөдөр ч тэд улс орныхоо төр, олон нийт, хувийн хэвшлийн салбарт ажиллаж хөдөлмөрлөсөөр байгаа билээ.
Офицерийн сургуулийг төгсөгч ахмадууд баярынхаа өдөр Бүх цэргийн хар сүлд болон тэртээх он жилүүдэд мэхийн ёсолж байсан сургуулийнхаа туганд хүндэтгэл үзүүлж, “Гэрэл зураг-дурсамж” фото зургийн үзэсгэлэнг сонирхож, үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим болон хүндэт харуулын сүр жавхлант үзүүлбэр, хүндэтгэлийн тоглолт үзэж, залуу нас, золбоо хийморио дурсах болно.
1943 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс Ерөнхий боловсролын сургуулийн 4-7 дугаар анги төгссөн хүүхдүүдээс сонгон авч, 1-3 дугаар курст суралцуулахаар шийдвэрлэж, 8 бүлэг, 234 сурагчтайгаар анхОфицерийн сургуулийг үүсгэн байгуулж, Цэргийн яаманд харьяалуулжээ. Офицерийн сургуулийн захирлаар 1921 оны ардын хувьсгалын партизан, Монгол улсын анхны 11 генералын нэг Г.Дагдан, жанжин Сүхбаатарын хүү Галсан нарын зургаан хүн ажиллаж байв. Офицерийн сургуульд ерөнхий эрдмийн бүх хичээлийг үзэхээс гадна цэргийн хэргийн жагсаал, биеийн тамир, цэргийн дүрмүүд, зэвсгийн бие анги, буудлага, цэргийн газрын зураг, морин сургууль, тактик гэсэн найман төрлийн хичээл ордог байжээ.
Түүхт 70 жилийнхээ ойг тэмдэглэж буй Офицерийн сургуулийн өдгөөгийн залгамж халаа нь “Тэмүжин-Өрлөг” бүрэн дунд сургууль юм. Тус сургууль нь 2010 онд байгуулагдсан бөгөөд одоо 25 багш ажиллагсад, 202 сурагчидтайгаар сургалт, хүмүүжлийн үйл ажиллагааг явуулж, Батлан хамгаалах болон Зэвсэгт хүчний ирээдүйн боловсон хүчинг бэлтгэж байна. “Тэмүүжин-Өрлөг” бүрэн дунд сургуулийн хамт олноос олон сайхан амжилт гаргасныг дурьдвал, Франц улсад зохиогдсон олон улсын Математикийн “Кенгуру” олимпиадаас 8б ангийн сурагч М.Бадамсүрэн хүрэл медаль, Орос хэлний олимпиадад 10а ангийн сурагч Р.Дашдаваа тусгай байр, “Хангарьд” клубын цомын аварга шалгаруулах тэмцээнээс 8б ангийн сурагч А.Тулга алт болон хүрэл медаль, гавьяат багш Бандийн нэрэмжит Боксын улсын аварга шалгаруулах тэмцээнээс 8б ангийн сурагч М.Амарбаяр мөнгөн медаль, 9а ангийн сурагч М.Амарбат хөл бөмбөгийн улсын шигшээ багт багтан Ази тивийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон. Тус сургуулийн хамт олон Оросын холбооны улсын Екатринбург, Омск хотуудын Суворовын сургууль болон БНТУ-ын цэргийн ахлах сургуулиудтай хамтран ажиллаж байна.