Хөдөлмөрийн яамны харъяа Хөдөлмөр
эрхлэлтийн үйлчилгээний төвийн захирал C.Чойноров Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудын
Хөдөлмөрийн хэлтсүүдийн ажил байдалтай танилцаж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
үйлчилгээ, арга хэмжээ, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан,сум хөгжүүлэх
сан, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцаад ирлээ.
Тэрээр Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол, Орхон,Хөтөл, Сант сумдын Засаг дарга нартай уулзаж Хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудлаар санал солилцсон юм. Мөн Мандал сумын Хөдөлмөр эрхлэлтийн албанаас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр мэргэжлийн ур чадвар эзэмшүүлсэн богино хугацааны сургалтыг ажил олгогчийн захиалгаар мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулсан бөгөөд төгсөгчид болон ажил олгогчидтой нь уулзаж санал бодлыг нь сонссон юм. Уг сургалтанд Мандал сумын 15 ажилгүй иргэн хамрагдсан бөгөөд бүгд төгсөөд ажлын байрандаа шууд зуучлагдах аж.
Мандал сумын ажил олгогч томоохон байгууллагуудын нэг Ачааны вагон засварын депо юм байна. Тиймээс тус депогийн үйл ажиллагаатай танилцаж Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрт хамрагдан төгссөн 63 иргэн байнгын ажлын байртай болж, төгссөн мэргэжлээрээ уг байгууллагдаа ажиллаж байгаа юм.
Мөн "Зүүн Хараа" МСҮТ-ийн удирдлагатай уулзаж "Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр - 2014" хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр санал солилцлоо.
Цаашлаад Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн захирал Сэлэнгэ аймгийн Орхон, Сант сумуудаар орж Хөдөлмөрийн хэлтсээр дамжуулан жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл, сум хөгжүүлэх сангийн зээл болон төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэдтэй уулзаж төслүүдийн хэрэгжилтийг газар дээр нь үзэж танилцлаа. Орхон сумын Засаг даргатай уулзахад “Манай суманд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байгаа. Эдгээр төслүүдээс Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр маш сайн хэрэгжиж байна” хэмээн онцолж байлаа. Төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэдийн амьдрал ахуй мэдэгдэхүйцээр дээшилдэг учраас иргэд ч ам сайтай, төсөл хөтөлбөрт хамрагдах маш их сонирхолтой байдаг гэнэ. Орхон суманд хөдөлмөрийн насны 1300 иргэн байдаг бөгөөд эдгээрээс ажилгүй 103 иргэн байснаас Сум хөгжүүлэх сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрт хамрагдсаны дүнд 73 болж буурчээ. Тус сумын иргэдийн дийлэнх нь өрхийн аж ахуй эрхэлдэг учир зээл, төсөл хөтөлбөрт хамрагдах их сонирхолтой байдаг аж.
Мөн Дархан-Уул аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн ажил байдалтай танилцаж, заавар зөвлөгөө өгсөн юм. Хөдөлмөрийн хэлтсээр дамжуулан төсөл хөтөлбөрт хамрагдсан болон шавь сургалтанд хамрагдаж буй иргэдтэй уулзан тэдний санал бодлыг сонслоо.
Дархан-Уул аймгийн хэмжээнд нийт 2108 бүртгэлтэй ажилгүй иргэн байдаг аж. Эдгээр бүртгүүлсэн ажилгүй иргэдийн 53 хувь буюу 1134 нь эмэгтэйчүүд юм байна. Харин он гарснаас хойш 1577 ажлын байрны захиалга ирсэн бөгөөд ажилд зуучлагдан орсон 1360 иргэн байдаг гэнэ. Ажлын байрны захиалгыг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар нь авч үзвэл хамгийн их ажлын байр бий болгож буй салбар нь боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээ, барилгын салбарууд байна. Мөн оны эхний найман сарын байдлаар 1005 шинэ ажлын байр бий болжээ.
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн захирал ирэх сарын 3-наас баруун аймгуудад ажиллах юм.